Дэлхийн аялал жуулчлалын гарын авлага болсон алдарт “National Geography” сэтгүүл энэ оны 20 шилдэг аяллыг санал болгосны дотор Улаанбаатар хот багтжээ. “Гурван сая нүүдэлчинтэй энэ улсын хүн амын ихэнх нь эл хотод амьдардаг. Туул голоо дагасан Улаанбаатар хотод хоёр бөхтэй тэмээг харж болно. Энд томоохон 10 музей байдаг бөгөөд Үндэсний соёл амралтын хүрээлэн нь одоогоор хаалттай байгаа ч 2500 худалдаачинтай “Нарантуул” захаас хямд үнээр та юу ч худалдан авч болно. Буддын шашны дурсгалаар баялаг энэ хотод бага зардлаар сайн, муу олон зүйлийг харах боломжтой” гэж бичсэн байна. Эдгээр 20 газарт оноо өгч, жагсаагаагүй ба эхний гуравт Италийн Сардина, Норвегийн Фиорд, Энэтхэгийн Шимла зэрэг газар багтжээ. Энэ жилийн жагсаалтыг гаргахдаа тус сэтгүүлийнхэн өмнө нь төдийлэн олны анхааралд байгаагүй нууцлаг газруудыг сонгосон бөгөөд Иракийн Курдистан багтсан нь хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байгаа ажээ.