Цам

Цам нь VIII зуунд Энэтхэгт үүссэн бөгөөд манайд Төвдийн шашны урлагаар дамжин XIX зууны эхээр нэвтэрсэн. Тухайн жилийн гай барцадыг арилгах, сайн сайхныг авчрах зорилготой цам бүжиг уул, усны эздийг аргадан, авран хамгаалахыг гуйх нэгэн ёслол билээ. Бурхны арга засал байсан цам өдгөө үндэсний уламжлал, ёс заншлыг илтгэх урлагийн төрөл болжээ. Цамын талбайн засал, өмсгөлийг цутгамал, наамал, хатгамал, сийлбэрээр урладаг нь одоо ч хэвээр. Баг нь бурхад хийгээд уул усны савдгийн төрхийг харуулах гол хэрэгсэл юм. Буддын шашны номлолд дөрвөн үйлс гэж алдаршсан “Шижайбандангийнлай” буюу амирлуулагч, дэлгэрүүлэгч, эрхэнд оруулагч, хатуу ширүүнийг бүтээгч бурхдын дүрийг эл багаар тусгадаг ажээ. Нутаг нутгийн шүтээн сахиус, уул, усны лус савдаг өөр байдгаас цам нь Монголд түгэхдээ онцлог шинж,дүр төрхтэй болон хөгжсөн. Хувьсгал гарахаас өмнө манай орны 700 гаруй сүм хийдэд Жахар, Тахилын, Майдарын, Бурхан, Хангал, Эрлэг, Гэсэрийн зэрэг 500 төрлийн цамын дэг найруулга байсан гэдэг. Монголд 1811-1937 он хүртэл гарсан Хүрээ цамын сүр жавхлан, хүчирхэг байдал тухайн үедээ Төвд, Энэтхэг зэрэг оронд ч алдартай байжээ. Энэхүү цамыг үзэхээр газар газрын сүсэгтэн, мөргөлчид Их хүрээг зорин ирдэг байжээ. Цамын бүжиг эхлүүлэх эхний дүр нь “Үхээрийн эзэд” буюу хохимой нар юм. Тэд оршуулгын газрын хамгаалагч эзэн бөгөөд үйл хөдлөл, уншиж буй тарни нь үүнийг батлах ажээ. Ариун тахилд хүрч бузарлахаар оролдож буй хон хэрээ хохимойнуудыг дагалдан гарч ирнэ. Энэ үед хөгжим улам чанга, сүртэй болсоор огцом зогсож, бүрээ үлээснээр дараагийн Хуушин хаан найман хүүхэдтэйгээ орж ирдэг. Тэд хүмүүсийг хөгжөөгч дүр юм. Удалгүй урт нас, удаан жаргал, өлзий хутгын бэлэгдэл цагаан өвгөн гарч ирэн хамаг олон сайн сайхантай учран золгосноор бүжиг төгсдөг.