Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан “Mongolia Bike Challenge-2010” уулын дугуйн олон өдрийн уралдааныг санаачлан зохион байгуулсан “Mongolia Expeditions and Tours” ХХК, Итали улсын “Progetto Avventura Eventi” компаниуд Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран “Mongolia Bike Challenge-2011” уралдааныг 2011 оны 7-р сарын 30-наас 8-р сарын 13-ны хооронд 2 дахь удаагаа зохион байгуулахаар болжээ. Уралдаан Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос гараагаа эхэлж Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн нутгаар нийт 1200 км замыг туулж Өвөрхангай аймгийн Хархорин сум, Эрдэнэзуу хийдийн өмнөх талбайд бариагаа барих юм байна. Уралдаанд нийт 108 дугуйчин оролцохоор урьдчилан бүртгүүлээд байгаа ажээ. Энэхүү уралдаан өнгөрсөн жилийнхтэй адилхан 7 ангиллаар, нийт 9 гараатай, тамирчид нэг гараанд дунджаар 133 км замыг туулна. Жил бүр зохион байгуулагдах энэ уралдаан нь Монголын адал явдалт аяллын зах зээлд шинэ бүтээгдэхүүнийг бий болгож, Монголыг дэлхийн дугуйчдад таниулах чухал арга хэмжээ юм.