2011 онд олон түүхэн ой давхцаж байгаа билээ. Эдгээр ойн нэг Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг цагаан сарын үеэр тэмдэглэн өнгөрүүлэх билээ. Тиймээс үндэсний урлагаа сурталчлагч ҮДБЭЧ Хүннү гүрэн, Модунь Шаньюгийн их хаанчлалын талаар өгүүлэх “Мэргэнд буусан чоно” бүжгэн жүжиг сэргээн тавихаар бэлтгэж байгаа юм байна. Энэ сарын 30, 31-нд УДЭТ-ын тайзнаа “Мэргэнд чоно буух” ажээ. П.Түмэнбаярын зохиолоор сэдэвлэсэн уг бүтээлийн хөгжмийг төрийн хошой шагналт Н.Жанцанноров бичиж, бүжиг дэглээч Д.Баярбаатар дэглэж, найруулан 2003 онд анх тайзнаа тавьжээ. Тухайн үед Соросын сангийн тэтгэлгээр тавигдаж байсан уг бүжгэн жүжиг уламжлал дээр орчин үеийн модерн балетын хэсгийг шигтгэж, уламжлал намбаа хадгалсан ч хөнгөн шийдлээр хийснээрээ онцлог гэнэ.