21 бурхан ба Галуутын хадан хясаа

Баянхонгор аймгийн нутагт бидний мэдэхгүй түүх дурсгалын сонин содон зүйл их бий гэнэ. Тэдгээрийн нэг нь Галуут сумын нутаг Цагаан турууны голын эргийн эгц өндөр хадан хясаанд Очирваань, Бурхан багш, Цагаан, Ногоон дарь эх бурхны хөргийг өнгө ялган зурсан байдаг байна. Тоолбол энд нийт 21 бурхан байдаг агаад 18 дугаар зууны үеийн ховор дурсгал хэмээн тэмдэглэжээ. Галуутын голын сав дагуух хадан дээр сийлсэн бурхны домог тун эмэгнэлтэй. Энэ нутагт нас ойролцоо ах, дүү хоёр амьдардаг байжээ. Тэд багаасаа эцэг, эхээсээ өнчирч хоцорсон байна. Нэг удаа ах, дүү хоёр хоорондоо үл ойлголцон муудалцжээ. Харин дүү нь тэр үед уур хилэнгээ барьж чадалгүй ахынхаа амийг хөнөөжээ. Уурын мунхагаар төрсөн ахыгаа хөнөөсөн дүү нь хичнээн харамсаад ч бүх зүйл өнгөрсөн байлаа. Тэрбээр хийсэн нүглээ наминчилж, гэмээ цайруулахын тулд ахыгаа хөнөөсөн тэрхүү газарт бурхан бүтээхээр шийджээ. Олон өдөр хоног нүглээ наминчлан залбирсны эцэст хадан дээр 21 бурхан буюу дарь эхийг сийлэн үлдээсэн домогтой ажээ.