Сэцэнхан Навааннэрэн

Монголын Үндэсний музейд Халхын Махасамади Далай Сэцэн хан Ц.Наваанэрэнгийн нэрэмжит үзэсгэлэнгийн танхим шинээр нээгджээ. Чингис хааны 19 дүгээр үеийн ач, Халхын анхны Сэцэн хан Шолойгоос хойш 20 дахь үе буюу сүүлчийн удаа хан ширээг залгамжилсан нь алтан ургийн тайж Цэрэндондовын хөвгүүн Навааннэрэн юм. Халхын Сэцэн хан Навааннэрэн 1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэг, Олноо өргөгдсөн Монгол Улсын Ерөнхийлөн захиран шийтгэх яамны эрхэлсэн зөвлөх сайд, Хан Хэнтий уулын аймгийн чуулганы дарга, Шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч дарга, БНМАУ-ын Бага хурлын гишүүний өндөр албан тушаал хашиж байсан, төр нийгмийн томоохон зүтгэлтэн байжээ. Түүнийг хан ширээ залгамжилсан 14 жилийн дотор 20 дугаар зууны Монголын хоёр хувьсгал тохиож, тусгаар тогтносон Монгол Улсын гурван төрд өндөр алба хаших, Монголын төр нийгмийн томоохон зүтгэлтний хэмжээнд хүрэх ховорхон хувь заяа тохиожээ. Гэвч төр, нийгэм, шашин соёлын үйл хэрэгт чин үнэнчээр зүтгэж явсан түүнийг 1937 оны сүүлчээр хилс хэрэгт тулган баривчилж, цаазлан хороосныг 1991 онд цагаатган нэр төрийг нь сэргээсэн байна. Үндэсний музейд нээгдсэн үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа тулгар төр тогтсоны их баярыг тохиолдуулан Богд хаанаас Сэцэн хан аймгийн туг, Сэцэн хан Навааннэрэнгээс жанжин Д.Сүхбаатарт бэлэглэсэн хос авдар, Сэцэн хан аймгийн харуулын тэмдэг, Хэнтий аймгийн орон нутаг судлах музейд хадгалагдаж буй 200 гаруй жил Халхын Сэцэн хануудын барьж байсан тамга, тамганы хайрцаг, Навааннэрэн ханы эдэлж, хэрэглэж байсан пийсүү аяга, яшил зэрэг эд өлгийн зүйлсийн гэрэл зургууд, Сэцэн хан Шолойн угийн бичиг зэрэг 20 дугаар зууны эхэн үеийн түүхийн баримт, гэрэл зургуудыг дэлгэн үзүүлсэн байна.