Суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт 1756 оны нэгдүгээр сарын 27-нд Австри улсын Зальцбург хотноо төржээ. Тэрбээр таван настайгаасаа хийл, төгөлдөр хуур тоглон, найман настайдаа аллегро, анданте, престо хэмээх гурван булэгтэй, бүрэн хэмжээний синфони бичжээ. Моцарт амьдралыхаа туршид 600 гаруй хөгжмийн зохиол туурвисан юм. Энэ жил түүний мэндэлсний 255 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ДБЭТ “Увьдист Лимбэ” дуурийг нь тавих гэж байна. Хоёр бүлэг, 11 үзэгдэлт уг дуурийг германы Дортмунд хотын В.А. Моцартын нэрэмжит найрал хөгжмийн ерөнхий удирдаач Феликс Рейманн дохих юм байна. Тус хотын найрал хөгжим, Монгол Улсын ДБЭТ-тай 2014 он хүртэл хамтран ажиллах гэрээний дагуу тэрбээр иржээ. Феликс Рейманн Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа ч манай хөгжимчдийг удирдах анхны тохиолдол нь энэ юм байна. Тэрбээр найман настайгаасаа хөгжим тоглосон бөгөөд 20 жил удирдаачаар ажиллаж буй гэнээ.
Монгол улсын ДБЭТ-ын хэсэг уран бүтээлчид ХБНГУ-ын Кёлын хотод болсон тоглолтод өнгөрсөн онд оролцсон бөгөөд энэ үеэр удирдаач Феликс Рейманн тэдэнтэй танилцаж, Монголын сонгодог урлагийн хөгжлийг үнэлэн хамтран ажиллах санал тавьсан ажээ. Энэ удаад тэрээр “Увдист Лимбэ”-ийг удирдаад нутаг буцах гэнэ. Хэрвээ уг тоглолт ажилттай болбол ирэх жил дахин ирж Моцартын дуурийг удирдах юм байна.