Дорно дахины оюуны сор бүтээл, бурхан багшийн сургаалийн цомирлог гэгдсэн “Ганжуур” цахим хувилбараар уншигчдад хүрлээ. Үндэсний төв номын сан, АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Азийн сонгодог бүтээлүүдийг цахим хувилбартай болгох төсөл” хамтран энэ ажлыг хийсэн ажээ. Төвд хэлээр бичигдсэн эл зохиолыг Adobe програмыг ашиглан цахим ертөнцөд байршуулсан бөгөөд www.tibet-dps.org сайтаас татах боломжтой юм байна. Дашрамд дурдахад “Азийн сонгодог бүтээлүүдийг цахим хувилбартай болгох төсөл” 1988 оноос хэрэгжсэн бөгөөд АНУ, Энэтхэгт төвлөрч ажилладаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын үндэсний төв номын сангийн захиргаа уг төсөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулсны үр дүнд “Ганжуур” ийнхүү цахим хувилбартай болжээ.