Одоогийн Чойжин ламын сүм музейн зүүн талд хоёр давхар модон сүм байсныг 1930-аад оны үед нураажээ. VII, VIII Богдын Ёнзон багш байсан Хүрээ номун хан Балдан Чоймболд зориулан босгосон гэдэг. Богдод их нөлөөтэй багш байсан тэрбээр Хүрээ номун ханаар олон жил өргөмжлөгджээ. Түүхийн баримт сөхөхөд “1874 оны цагаан сараар Хамба номун хан Балданчоймболд “Төрөлх нэвтэрхий” хэмээх цол шагнажээ. VII Жэвзүндамба хутагтыг Баруун зуугаас дагалдан ирсэн Гачин цорж Балданчоймболд номун хан цол шагнав” хэмээжээ. Түүнийг 1909 оны орчим таалал төгссөн гэдэг бөгөөд Хүрээний монгол маарамбууд шарилыг нь нууц аргаар занданшуулж, Богдыг зарлигаар 1910 онд нэгэн сүм барьж түүний биеийг шүтээн болгон хадгалж байжээ. Яг л амьд сэрүүн мэт харагдах шүтээний өмнө хонх дамар тэргүүтнийг тавьж, шилэн хоргонд байршуулдаг байжээ. Уг сүмийг нураасны дараа шүтээнийг Чойжин ламын сүм музейд шилжүүлж, өдгөө хүртэл хадгалан гол сүмийн баруун хойд талд сэнтийд залсан ажээ.