12 дугаар сарын 29 бол үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойн өдөр билээ. 99 жилийн өмнө Монголчууд өөрсдийн тооллыг эхлүүлж байжээ. Тусгаар тогтнолын хуанлийн 100 дахь хуудас эргэх гэж байна. Туурга тусгаар Монгол улсын иргэн бүхэн энэ л хуудсан дээр өөрсдийн түүхээ бичиж яваа юм. 1911 оны 12 дугаар сарын 29-нөөс өмнө үүн шигээр түүхэнд тодоор үлдсэн өдөр байсан юм болов уу. Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө олон зуун жил тэмцэж ирсэн. Ялж, ялагдсан олон үйл явдлуудын сар, өдөр тийм ч тодорхой байдаггүй. Багцаагаар намрын эхэн сард, эсвэл өвөл, хаврын заагаар гэх мэтээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Харин шарагчин гахай жилийн хувьсгал буюу 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал бол он цаг, сар өдөр нь нэн тодорхой. Үүгээрээ Монголчуудын тусгаар тогтнолын хуанлийн эхний он нь 1911 гэж хэлж болох биз ээ. Ардын хувьсгалын ой 7 дугаар сарын 11, Улс тунхагласны баяр буюу 11 дүгээр сарын 26, Халхын голын ялалтын өдөр 8 дугаар сарын 20-ныг, бүх ард түмний санал асуулгаар тусгаар тогтнолоо баталгаажуулсан 10 дугаар сарын 20-ныг, ардчилсан хувьсгал эхэлсэн 12 дугаар сарын 10-ныг, Ардын нам байгуулагдсан 3 дугаар сарын 1-нийг тусгаар тогтнолын өдөр, эх орончдын өдөр хэмээн нэрлэсэн нь тааралддаг. Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлан тунхагласан, баталгаажуулсан өдрүүдийг тэр нь илүү, энэ нь дутуу гэж өрсөлдүүлэх хэрэггүй биз ээ. Гагцхүү бүх өдрүүдийн эхлэл, угтал нь 1911 оны 12 дугаар сарын 29 билээ. 12 дугаар сарын 29 байгаагүй бол 7 дугаар сарын 11, 8 дугаар сарын 20, 10 дугаар сарын 20, 11 дүгээр сарын 26 байхгүй л байх байсан. Олноо өргөгдсөн Монгол Улсын 100 жилийн ойг яг 1 жилийн дараа бид тэмдэглэнэ. Хоёрхон хоногийн дараа гарах шинэ он энэ их ойн жил байх болно. Эдүгээгээс 99 жилийн тэртээ өрнө дахинд хоёр он солигдох Крисмасын баяраа тэмдэглэж байх тэр мөчид Азийн цээжинд нутаглагч нүүдэлчин монголчууд бурангуй тогтолцоог халж, харийн дарлалаас ангижрах хувьсгалыг гүйцэлдүүлж байжээ. 1911 оны 12 дугаар марын 29-нд Богд Жавзандамбыг Монгол Улсын хаан ширээнд өргөмжилснөөр Монголчуудыг 220 жил талхилсан Манжийн дарлалыг түлхэн унагасан юм. Ийнхүү тусгаар тогтнолын хуанлийн эхний хуудас эргэж, Олноо өргөгдсөн Монголын он тоолол эхэлсэн юм.