“Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” хэмээн Төрийн бэлгэ, тэмдгийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заажээ. 60 жилийн тэртээ Алтан үеийн суу билигт эрхмүүдийн ухаанаар бүтэж, өдгөөг хүртэл эгшиглэсээр байгаа Төрийн дууллаа Монголчууд хүндэтгэдэг. Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэдл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн дууллын түүхэн тэгш ой энэ онд тохиож байгаа. 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ой тохиож сүр жавхлантай тэмдэглэхээр Намын төв хороо хэдэн жилийн өмнөөс бэлтгэжээ. Тухайн үед Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим дөнгөж байгуулагдаж байсан гэдэг. Ардын Хувьсгалын 30 жилийн ойн баярын үеэр социалист орнуудын Төрийн дууллыг эгшиглүүлэхээр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид төрийн шагналт Г.Бирваагийн хамт бэлтгэж байжээ. Харамсалтай нь энэ үед БНМАУ-ын Төрийн дуулал гэж байсангүй. 1923 оноос одоогийн төрийн дууллыг зохиогдох хүртэл С.Буяннэмэхийн шүлэг Насанбатын аялгуу “Монгол интернационал” дууг төр, улсын томоохон үйл ажиллагааны үеэр тоглуулдаг байсан ажээ. Угаас энэ дууг Төрийн дуулал болгохоор зохиогоогүй юм билээ. Ийнхүү төрийн дуулалтай болох шаардлага тулгарсан учраас 1940-өөд оны сүүлчээр Улс төрийн товчоо театр, чуулгын уран бүтээлчдийн дунд уралдаан зарлажээ. Уралдаанд ирүүлсэн бүтээл бүрийг симфони найрал хөгжим болон үлээвэр хөгжим гэсэн хувилбараар сонсдог байжээ. Төрийн дуулал сонгох шүүгч нь маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал зэрэг төр, засгийн томчууд байжээ. Л.Мөрдоржийн хөгжмийн эхлэл, Б.Дамдинсүрэнгийн бүтээлийн төгсгөлийг нийлүүлбэл зүгээр юм гэсэн санаа гаргаж, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдоржтой уулзан, санал тавьж, тэд хамтран тус тусын зохиолоо бага зэрэг өөрчлөөд шалгуулсан байна. Тэдний хамтын бүтээлийг симфони найрал хөгжимтэй тоглоход Б.Дамдинсүрэн удирдаж, үлээвэр найрал хөгжмийг Г.Бирваа дохисон түүхтэй ажээ. Ийнхүү Улс төрийн товчооныхон Төрийн дуулал болгох хөгжмөө олсноор ЗХУ-д сурч байсан ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнд шүлэг бичих үүрэг өгчээ. Үүний дараа Улсын Бага Хурлаас 1950 оны 4 дүгээр сарын 26-нд “1950 оны 5 дугаар сарын 1-ээс энэхүү сүлд дууллыг эх орон даяар эгшиглүүлсүгэй” гэсэн зарлиг гаргасан байдаг. 1990 оноос хойш Төрийн дууллын шүлгийг ихэнх хэсгийг ашиглаж байгаа ч Ленин, Сталин, Сүхбаатар гэсэн нэр орсон мөрийг хассан байдаг. Түүнчлэн 2006 онд УИХ-аас Монгол Улсын Төрийн дууллын үгийг шинэчлэн, өдгөөгийн хувилбарыг сонгосон.