Ардын зураачийн амьдрал, уран бүтээлийг тайлагнав

Шинэ цагийн тайз, дэлгэцийн чимэглэлийн урлагийг үндэслэгчдийн нэг төрийн шагналт, ардын зураач Л.Гаваа агсны амьдрал, уран бүтээлийн тайлан үзэсгэлэн өчигдөр Уран зургийн галерейд нээгджээ. Нэрт зураачийн 90 насны ойд зориулсан үзэсгэлэнг үр хүүхэд нь тус галерейтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 28 хүртэл үргэлжлэх ажээ. Үзэсгэлэнд үр хүүхдүүдэд нь хадгалагдаж байсан 25, галерейн сан хөмрөг дэх 28 зураг болон Театрын музейд хадгалагддаг тайз, дэлгэцийн бүтээлүүд болон судалбар, эскиз, Л.Гаваа агсны гэрэл зураг, хэрэглэж байсан багаж хэрэгслийг нь дэлгэжээ. Тэрбээр бүтээл туурвих хугацаандаа 150 гаруй тайз засал, хувцас чимэглэл, 20-иод киноны зураачаар ажиллан 300 гаруй уран зураг туурвисан ажээ.