Хянган аймгийн Рашаант хот. Халуун хүйтэн, эмчилгээний чанартай рашаан устайгаараа алдартай энэ хот нэрнийхээ утга дагуу давуу талаа ашигласан сайн маркетинг менежмэнттэй, цөөхөн хүн амстай, жижигхэн, хөдөөгийн бөглүү, уулсын хотгорт байдаг онцлогтой.
Энд 20 орчим жижиг бассейнд өөр өөр рашаан усыг татаж тохижуулсан “Рашааны музей” бий. Бөөрний рашаан нь хүв хүйтэн байхад үе мөч, мэдрэлд тустай рашаан нь хав халуун. Ходоод гэдэсний, зүрх тархи судасны, эмэгтэйчүүдийн, арьсны харшилын гэх мэтээр хаягжуулж, усны температур, өөр бусад харшлах зүйл, рашааны найрлага зэргийг бичсэн байдаг. Мөн бассейнд сэлэх боломжтой, дэргэд нь усны хувцас болон бусад хэрэгтэй зүйлсийн худалдаа бий. Хятадын удирдагч Ши Жинпинь эхнэрийнхээ төрсөн нутаг хэмээн ганц удаа айлчилж ирэхдээ тус хотыг “аялал жуулчлалын хот болгон хөгжүүлэх газар байна” хэмээн онцолсноор чухам л гэрлийн хурдаар хөгжиж буй газар юм. Айлууд нь хаана байгаа нь мэдэгдэхгүй шахам энэ жижиг хот зочид буудлуудаар дүүрэн. Буудлын эргэн тойрныг цэцэрлэг болгон тохижуулжээ. Жуулчид цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж алхах нь таатай. Цэцэрлэгт өглөө эрт, орой 24 цаг хүртэл сонгодог хөгжмийн аялгуунууд намуухан эгшиглэдэг. Энд харагдаж байгаа мөөг, хэрэм мэтийн жижигхэн баримал дотроос тэрхүү сонгодог аялгуунуудыг гадагш түгээх радио өсгөгч байрлуулсан байдаг. Чулуугаар зассан зам нь хөлийн уланд массаж өгөхөөр хийгдсэн. Цэцэрлэгийн хажуугаар урсах голын дунд маш олон далангуудыг засаж усан хүрхрээ буух мэт чимээнүүдийг үүсгэсэн байдаг. Салхилж зогсох, эргэн тойрноо харах тавцангууд, суух сандал, хиймэл агуй, ариун цэврийн өрөө гээд бүгдийг нь тооцоолж байгуулжээ. Зочид буудлаасаа гадаах орчинг тольдож болохоор том цонх бүхийгээр хүлээлгийн тухлаг орчингуудыг байгуулсан.
Монголчууд бидэнд хөршөөсөө суралцах зүйл маш их байна. Аливааг “хятад” гэж харах сэтгэлгээний өвчнөөсөө одоо салцгаах хэрэгтэй. Монгол улсын Хархорин сум 17 мянган хүн амтай. Энэ Рашаант хоттой харьцуулахад хүн ам ойролцоо, жуулчин хүлээн авсан хугацааны хувьд хамаагүй урт түүхтэй хэрнээ огт хөгждөггүй сум. Монгол Хятадын хүн ам их цөөн байхын асуудал үүнд огт хамаагүй, эдийн засгийн хүчтэй хүчгүй орон байхын ялгаа огт хамаагүй юм. Гагцхүү “хийе, бүтээе, үлдээе, засъя, сайжруулъя” гэсэн ганцхан “зорилго ба сэтгэл” хэрэгтэй.
Тэмдэглэсэн:
Ч.Буянбадрах