1921 оны 3-р сарын 18-нд жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагт хотыг чөлөөлсөн өдөр. МАН Зөвлөлт Засгийн газартай хэлэлцээр хийх үед “Хятадын эзэрхийллээс ангижрах тэмцлийг монголчууд өөрсдийн хүчээр хийх, харин Зөвлөлт улс зэр зэвсэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх”-ээр тохиролцжээ. 3-р сарын 6-7-нд МАН-ын Төв хороо, Цэргийн штабын хамтарсан хурлаас Хиагт хотыг чөлөөлөх шийдвэр гаргасны дараа 3-р сарын 14-нд жанжин Д.Сүхбаатар “байлдааны төлөвлөгөө бэлэн, байлдааны бэлтгэлийг бүрэн хангасан” тухай Нийслэл Хүрээн дэх Ардын түр Засгийн газарт илтгэжээ. Хиагт хотыг байлдаангүйгээр өгөхийг Хятадын цэргийн командлалд тулган шаардсан боловч хариу өгөөгүй гэдэг. Ийнхүү 17-ны орой жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Л.Сумъяа нарын удирдсан цэргийн ангиуд Алтанбулагаас хөдөлж 18-ны өглөө Хиагт хот руу довтолсон ажээ.
Ардын журамт цэрэг Хиагт хотыг баруун, баруун хойд, чанх хойд талаас нь бүсэлж дайрснаар хятад цэргүүд сандарч бөөн бөөнөөрөө хотоос зугтан гарсан ч Хятадын морьт цэргийн хороо нь хүчтэй эсэргүүцэл үзүүлсээр байсан тул арга буюу түр ухарсан гэдэг. Ардын журамт цэргийн сум, галт хэрэгсэл дууссан тул ар талаас хангалт хийлгүүлэн 2 их буу татан ирүүлснээр дахин довтолж тулалдааныг ялалтанд хүргэжээ. Бүрэнхий болж байлдааны ажиллагаа зогссон ч хот руу орохоос зайлсхийж харуул манаа гарган, ойр орчмыг тагнуулан хоноод маргааш нь буюу 3-р сарын 19-нд Ардын журамт цэрэг Хиагт хотод орж иржээ. Хиагт хотын орчимд бүгсэн хятад цэргийг Г.Бумцэнд, Д.Нанзад нарын удирдсан цэрэг үлдэн хөөж дарснаар Ардын журам цэргийн Монгол эх орноо чөлөөлөх тэмцэлд анхны ялалт байгуулсан түүхтэй. Тэд 12 пулемёт, 7 их буутай 2000 хятад цэргийн эсрэг 2 их буу, 4 пулемёт, 400 хүнтэй армийн хүчээр байлдсан гэдэг. Энэхүү байлдаанаар Ардын журамт цэрэг 120 төрөл бүрийн буу, 9 пулемёт, 84 гар бөмбөг, 80 сэлэм, 26000 сум, 5 морин тэрэг зэргийг олзолж зэр зэвсгийн хүчээ зузаатгажээ.
Жанжин Д.Сүхбаатар Хиагт хотноо түр штаб байгуулан ажиллаж хувьсгалын үйл хэргийг үргэлжлүүлж байв. Улмаар Ардын журамт цэрэг болон Оросын Улаан армийн хамтарсан ангиуд 1921 оны 7-р сарын 6-нд Нийслэл хүрээнд ирснээр 7-р сарын 8-ны өдөр МАН-ын Төв хорооны хурал болж, Нийслэл хүрээнд байнгын Ардын Засгийн газрыг байгуулах шийдвэр гаргаж, 7-р сарын 10-ны өдөр хуучин байсан Засгийн газрыг халж, Д.Сүхбаатарыг ардын Засгийн газрын Цэргийн яамны Тэргүүн сайд бөгөөд бүх цэргийн жанжнаар томилжээ. Дараа нь 7-р сарын 11-ний өдөр тусгаар тогтносон Монгол улсыг байгуулсан тухай түмэн олонд тунхаглан зарлаж Нийслэл хүрээнд Ардын журамт цэргийн жагсаалыг зохион байгуулсан гэдэг.
Хожим Цэргийн явдлын яамны сайд, бүх цэргийн жанжин, маршал Чойбалсангийн хүсэлтээр БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны 5-р сарын 28-ны өдрийн 32-р хурлаар “Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдөр”-ийг бий болгон тэмдэглэх тогтоол гаргажээ. Тогтоолд дурдсанаар, “... 3-р сарын 18-ы өдрийг Хувьсгалт цэргийн баярын өдөр болгож, жил бүр улс нийтээр ёслон өнгөрүүлж байсугай. Жил бүрийн 3-р сарын 18-ны өдрийг цэргийн бүх албан хаагчдын амралтын өдөр болгосугай” хэмээн заажээ.
Ийнхүү Цэргийн баярын өдөр-ийг 1946 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн ба 2003 оны 12-р сарын 18-нд УИХ-аас баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-иар 3-р сарын 18-ны өдрийг “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ӨДӨР” хэмээн тэмдэглэх тухай баталжээ.