Шувуучлах соёл нь Төв Азийн нүүдэлчин ард түмний зан заншил юм. Бүргэдийг гаршуулан дасгаж, ан авд сургаж байсан зан үйл нь орчин үед зугаа цэнгэл, ан агнуураас гадна аялал жуулчлалын арга хэмжээ болон өргөжиж байна. Монголын казахууд ан авд Цармын бүргэдийг ашигладаг нь дэлхийн олон оронд байхгүй уламжлалт соёлын хэлбэр юм. Бүргэдчидийн 80 хувь нь 30-70 насны хүмүүс. Нийт бүргэдчидийн 260 нь 1-6 бүргэд тэжээдэг. 20 хүртэл, 50 хүртэл бүргэд тэжээдэг бүргэдчин ч байдаг.
Анч бүргэдэд голдуу эм бүргэдийг сонгох ба нисэх чадвараа олсон идэш тэжээлдээ явж сурсан бүргэдийг барьж авч тэжээхэд харьцангуй номхон, хурдан сурдаг, өөрийн хүчинд тохирсон амьтан руу довтолдог, хашгичаад байдаггүй, гэрийн мал руу дайраад байдаггүй. Баян-Өлгийд тэжээгдэж буй бүргэдийн 70 хувь нь 1-4 настай бөгөөд 5-6 насанд нь байгальд буцааж тавьдаг. Ийнхүү буцаах нь эргээд нөхөн үржих, тоо толгой өсөхөд хэрэгтэй ажээ. Бүргэд 30-50 жил насалдаг байна.
Анх Түрэгийн үед махчин шувуудыг гаршуулан тэжээж ан авд ашиглаж байсан нь тэр үеийн чулуун хөшөө дурсгалуудад үлджээ. Францын элч Рубрук 1253-1255 онд ирэхдээ бичсэн замын тэмдэглэлд “нүүдэлчид шонхор мэтийн махчин шувуудыг баруун гартаа суулган, нүдний даруулга өмсгөн авч явдаг байсан”, Марко Поло “Их хаан 10 мянган нөхдийн хамт 500 шонхортойгоо ан авд гарч зугаацдаг” тухай тэмдэглэжээ.
Бүргэд мэдрэмтгий, ухаантай, эзнийхээ дуу, зан аашийг андахгүй, ярилцах дуртай, хооллож ундлах цагаа ч анддаггүй. Номхорсон хойно нь моринд авч явж үнэг хярс, туулайн чихмэлийг чирч үзүүлэн араас нь хөөцөлдүүлж барихад сургана. Мөн гар дээрээ дуудах дасгал хийнэ. 8-р сараас эхлэн идэшийг нь багасгаж тарга хүчийг нь тогтооно. Хэт таргалчихвал ан авахгүй, хэт туранхай бол тамир тэнхээ хүрэхгүй, хэт өлсгөвөл ааш нь догширч хүүхэд рүү ч дайрна. Хоол нь таарсан бүргэд цовоо, хөдөлгөөний эвсэлтэй, толгойгоо арагш эргүүлэн 2 мөрний завсарт нууж тайван унтана. Бүргэдийн цорын ганц дайсан нь шар шувуу бөгөөд өдрийн цагаар бүргэд шар шувуу руу, шөнийн цагаар шар шувуу бүргэд рүү дайрч толгойг нь хуга мушгидаг учраас тийнхүү толгойгоо нуун унтдаг ажээ.
Бүргэдчид ихэвчлэн анхны цаснаар анд явдаг. Шинэхэн цасны ан, өдрийн ан, тал өдрийн ан, зугаа гаргах ан гэх мэт байна. Ан авд гарахад мөр мөшгигчид, үргээгчид, туугчид гэх мэт дагалдагч нар дагалдана. Бүргэд нь 500-1000 метр өндрөөс хулгана, зурам андахгүй хардаг хурц хараатай. Бүргэдийн анхны анг “бау ашар” буюу “уяа мялаах” гэх ба дагалдаж яваа хүмүүсийн нэгэнд барьсан анг бэлэглэдэг заншилтай.
Бүргэдийн ан болон Алтай таван богдын цаст өндөр оргилуудыг сонирхож Баян-Өлгий аймагт жилд дунджаар 5000-6000 жуулчин ирдэг. Одоогийн байдлаар Казахстанд 100, Монголд 400 гаруй бүргэдчин байна.
Улаанбаатар - Аялал жуулчлалын холбоо