2011 оныг түүхээ хүндэтгэх жил болгоё

Ирж буй шинэ он Монголчуудын хувьд эх түүхийн жил. Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2220, үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100, Ардын хувьсгалын 90, ардчилсан хувьсгалын 20 жилийн ой тохионо. Бүгд түүхэн тэмдэглэлт ой, төрт ёсоо дээдэлдэг Монгол түмний магнай тэнэгэр угтах их баяр цэнгэл билээ. Түүнийг их, бага, чухал, чухал бус ангилж ялгаварлан аль нэгийг нь онцлоод бусдыг нь мартах учиргүй. Он жил хичнээн улиравч түүх, түүхээрээ л үлддэг билээ. “Зууны мэдээ” сонин ирж буй 2011 оныг “Түүхээ хүндэтгэх жил болгоё” хэмээн уриалж байгаа нь ийм учиртай ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх оныг Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2220 жилийн ойн жил болгох зарлиг гаргасан. Монгол нутагт оршиж байсан эртний улсууд гэдэг ойлголтод Хүннү, Сяньби, Жужаан, Уйгар, Түрэг зэрэг улсуудыг хамруулан авч үзсээр ирсэн цаг саяхан. Гэтэл Хүннү, Сяньби, Монгл-Нирун/Жужаан/ улсууд уулаас бидний язгуур Монголчууд байсан нь түүх, археологи, биологийн судалгаагаар хөдлөшгүй нотлогдсон билээ. Үүнээс үзэхэд бидний өвөг дээдэс бүр 2200-гаад жилийн өмнө Монгол нутагтаа Монгол төр улсаа байгуулан бэхжүүлж байсан юм байна гэх омогшил, бахархал та бидний цээжинд дүрэлзэх нь аргагүй юм. Гэтэл Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2220 жилийн ойг ирэх онд тэмдэглэх нь утгагүй, үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, ардын хувьсгалын 90 жилийн ойн сүрд дарагдаад утгаа алдана гэх хүн цөөнгүй байгаа ажээ. Түүх, түүхээрээ л үлддэг. 2011 оныг их түүхээ хүндэтгэх жил болгоё.