Дэлхийн шилдэг хөтөчүүд

Стефан Дэ Грийф: Бельгийн байгаль орчны инженер, гэрэл зурагчин, шинжлэх ухааны ажилтан тэрбээр 20 гаруй жил дэлхийн хөгжиж буй орнуудын болон халуун орны эко системийн өргөн цар хүрээтэй төслүүд дээр ажиллаж байсан. Минжүүлсэн газар нутаг болох Камбоже, Лаос, Непал, Энэтхэг, Өмнөд Судан мөн Умард Сахарын ширэнгэн ойн газар нутгийг судалж шинжилгээ хийсэн юм. Гайти, Буркина, Мали улсуудад газарзүйн хичээл зааж байжээ.

Сенегал ба Бенинд эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанаас гадна Ангкор сүм болон Панамийн ширэнгэн ойн тойрон аяллыг хөгжүүлж, Зүүн өмнөд Азийн хүүхэд эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажилласаар иржээ. Камбожийн ширэнгэн ой дах хаягдсан хотыг олж илрүүлсэн бөгөөд дэлхийн бүх шавьжийг судалж, зурагжуулан баримтжуулсан хүн юм.  

2012 онд түүний газарзүйн, газар тариалангийн мэдлэг нь Кхмерийн Эзэнт улсын эртний хаадын нийслэл болох Mahendraparvata хотыг судлах, газарзүйн зураглал зурахад  гол үүрэг гүйцэтгэсэн.

Агаарт лазер технологийг ашиглан газрын зураг бүтээсэн тэрбээр эртний соёл иргэншлийн баримт нотолгоог хайж судалсаар ирсэн бөгөөд зэрлэг ширэнгэн ойгоос мартагдаж балартсан мянга мянган сүмүүдийг олж илрүүлсэн юм.

Таны үндсэн ажил юу вэ гэж асуухад Stephane De Greef “... хариулахад  маш төвөгтэй, өөрөөр хэлбэл мэдээллийн удирдлага гэх үү дээ, энэ нь хүрээлэн буй орчныг судлагч, газарзүйч, биологич, зурагчин, эко аялагч, шинжлэх ухааны ажилтан, аяллын хөтөч гэх зэрэг олон ажил хийдэг” гэж хариулжээ. Хэд хэдэн төсөл дээр зэрэг ажиллаж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж, хүсэл сонирхолдоо хөтлөгдөн археологийн малтлага хийж, үет болон шавьж хорхойг судлан хамгаалж, XXI зууны хамгийн том сорилт болох хүн төрөлхтний байгаль хамгаалах ажлыг дэмжин ажилладаг хүн юм.


Лилиан Чо: Lillian Chou нь талх нарийн боов, гурилан бүтээгдэхүүний тогооч, хоолны мастер бөгөөд 2011 оноос эхлэн хоол амталгааны аяллыг (Food tasting tour) зохион байгуулжээ. Түүнийг хоолыг идэхийн тулд хот, хөдөө орон нутгаас гэр бүлээрээ ирдэг байна. Түүний удирдан зохион байгуулдаг нэг өдрийн хоолны аялал нь 9 еврогийн үнэтэй. Мөн Лилиан нь Бээжинд “хэрхэн гоймон хийх вэ” сургалт зохион байгуулдагаараа алдартай. Чөлөөт цагаараа хоолны тухай ном бичихээс гадна хоолны стилист, хоолны цэс хөгжүүлэгч юм. “Gourmet Magazine” сэтгүүлийн редакторын ажлыг давхар амжуулдаг тэрбээр Нью Жерси дэх хятад хоолны газрын гэр бүлээс гаралтай ажээ.



Феликс Мальцев: Москвагийн хөтөч тайлбарлагч Felix Maltsev 20 гаруй жил Москвагийн түүх, Зөвлөлтийн Улаан талбай дахь ордонгууд, Мосфильм студи, музей, хөшөө дурсгал, Москва голын эрэг дээрх эртний барилга, Москвагийн эргэн тойрон дахь сонирхолтой газруудыг мянга мянган жуулчдад тайлбарлан таниулсаар иржээ. Тэрбээр “Сталины Москва”, “Европын Москва” гэх мэт сэдэвчилсэн тайлбаруудыг зохион байгуулж, Москвагийн хамгийн алдартай метроны буудлуудыг жуулчдад үзүүлэхдээ Зөвлөлтийн инженерүүдийн амжилтын түүх, уран барилгуудын санаа зэргийг ярьж өгөхөөс гадна Оросын яруу найрагчдын шүлгүүдээс уянгалуулан уншиж сонирхуулдаг. Мөн тайлбаруудаа англи хэлээр гайхалтай хөтлөн явуулдаг нь гадаад жуулчдын дунд ихэд алдаршуулжээ.



Жо Буйтэндач: ӨАБНУ-ын Йоханнесбург хотын иргэн Jo Buitendach санаачлан хоттой танилцах аяллыг бий болгожээ. 2009 он хүртэл Йоханнесбург хот явган аялал хийх нь аюултай, гэмт хэргийн ертөнц болсон хот байв. Тэгвэл эдүгээ байдал эерэгээр өөрчлөгджээ. Жо нь археологич мэргэжилтэй бөгөөд хоттой танилцах аяллыг өөрийн төрж өссөн Йоханнесбургт амжилттай зохион байгуулж нэрд гаргажээ. Тэрбээр жуулчдыг завгүй бизнес худалдаа өрнөсөн дүүргүүдээс эхлүүлээд хүн явдаггүй аюултай газруудаар ч итгэл дүүрэн дагуулж явдаг. Мөн ӨАБНУ-ын түүхийг харуулсан гайхамшигт Apartheid музейгээс эхлэн хотын гадна орших үндэсний паркууд руу жуулчдыг газарчлан аялуулдаг. Жо хэлэхдээ “миний хувьд жуулчдад түүхэн чухал газруудыг африк хүмүүс хэрхэн хамгаалж, хүмүүс энд хэрхэн ажиллаж байгааг, африкчууд бидний ирээдүй хэрхэн бий болж байгааг харуулахыг зорьдог” гэжээ.


Сеан Бакстэр: Sean Baxter нь Англи улсад хамаарах Yorkshire хэмээх албан бус улсад амьдардаг бөгөөд жуулчдад далайн эрэг хавийн хүрээлэн буй орчныг судлах боломжтой олон аяллын төрлүүдийг санал болгодог. Шинжлэх ухааны ач холбогдолтой уул уурхайн бүс нутагтай танилцуулж, үлэг гүрвэл, тэнгисийн мөлхөгчид, янз бүрийн загасны олдвор бүхий газрууд, хөлөг онгоцны сүйрлээс үлдсэн хаягдлуудыг харуулж танилцуулдаг байна. Мөн далайн эрэг дээрх шаварт шигдсэн хавчнуудыг гаргахад тусалж, өндөрт нисэх шувуудын тухай болон маш их түүх, домог үлгэрүүдийг хөтөч Сеан Бакстэраас сонсож болно. Далайн ургамал, замаг, хавч, загасыг барьдагийг харахаас гадна зочин өөрөө загас барьж түүгээрээ хоол хийлгэн идэх ч боломжтой. Далайн гаралтай хоолны ач холбогдол, эрүүл хооллолтын талаар ихийг мэдэж суралцаж болно. Хөтөч Сеан бас далайн эргийн зэрлэг байгальтай танилцах аяллыг ч гайхалтай удирдан явуулдаг ажээ.



Молли Мичелврат: Хэрвээ та Флоренс руу очвол хөтөч Molly Mcllwrath таньтай хамт түүхийг бүтээх болно. Калифорн мужаас гаралтай Молли сүүлийн 10 гаруй жил Флоренс хотод амьдарч байна. Түүний эелдэг зан чанар, хүнлэг байдал, түүх ярих чадвар нь жуулчдыг бишрүүлдэг байна. Мөн гар урлалын алдарт Uffizi галерейд газарчлан мэдлэг ур чадвараараа алмайруулдаг ажээ. Тэрээр гэр бүлийн аяллыг амжилттай зохион байгуулдаг бөгөөд хүүхдүүд болон насанд хүрэгчдэд тохирсон олон талт бүтээлч аяллыг санал болгодог.





Сюзи Шзойк: Унгарын нийслэл Будашешт хотоор аялах нь сонирхолтой гайхалтай аяллуудын нэг юм. Сюзи нь жуулчидтайгаа алдарт Danube мөрний гүүрэн дээр уулзахаар болздог.  Suzy Szoke “би ямар нэгэн төлөвлөгөөнд баригдах дургүй, бие даан тухайн өдрийн жуулчдынхаа сонирхолд нийцүүлэн аяллаа зохион байгуулдаг” хэмээн ярьжээ. Жуулчид маань миний аяллыг “яг л пицца шиг амттай, өнгөтэй, сонирхолтой байлаа” гэж хэлдэг шүү. Түүх,  соёл урлаг, музейн тухай мэдэх нь зайлшгүй юм, түүний зэрэгцээ би жуулчдаа зураач, загвар зохион бүтээгч, жүжигчин, дэлгүүрийн эзэн, гар урчууд, илбэчинтэй уулзуулахыг эрхэмлэдэг. Жишээ нь жуулчин шар айргийг гар аргаар үйлдвэрлэх явцтай танилцахыг хүсвэл түүний эзэнтэй уулзан жуулчны хүсэлтийг биелүүлдэг.

Хооллох үед хотын ачаалал ихтэй хоолны газруудаар бус хотын захын амтат бяслагтай, хиамтай, чихцэлдэхгүй, тамхи татаж болохуйц газрууд руу жуулчдаа дагуулж явахыг илүүд үздэг. Миний зорилго бол жуулчдын хүсэл сонирхолд нийцүүлэхээс гадна жуулчид өөрсдөө хэзээ ч олж чадахааргүй зүйл, тухайлбал, хуучны орхигдсон байшингууд, тэдгээрийн барилга архитектурын дэлгэрэнгүй мэдээлэл, эртний түүхтэй холбоотой бүх зүйлүүдийг үзүүлэх юм сан гэж боддог. Сюзитай хамт 3 цаг аялахад 25 евро төлдөг ажээ.


Окада: ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Японы Хирайзүми цогцолборт аяллын хөтөч хийдэг Окада нь Японы зүүн эргийн Иватэ мужийн уугуул бөгөөд тэтгэвэрт гарсан хойно хөтчийн ажлыг 2 дахь карьер болгон хийж эхэлжээ. Окада хэзээ ч Японоос гарч үзээгүй ч түүний англи хэл сэтгэл хөдөлгөм уран яруу ажээ. Тэрбээр англи хэлийг өөрийн эх орныхоо гүн гүнзгий мэдээллийг бусдад түгээхэд хэрэглэдэг гэнэ. 70 настай Окада цагийн турш Японы улс төрийн нэр нөлөө бүхий гэр бүл байсан Фүживара овгийнхны талаар инээдтэй, хөгжилтэй, этгээд амьдралын түүхийг ярьж чадна. Энэ гэр бүл нь 900 жилийн настай сүм, суваргууд барьж байгуулан захирч байсан бөгөөд өнөөг хүртэл оршин тогтнож байгаа Chuson-ji алтан сүм зэрэг нь маш баялаг түүхтэй. Фүживара гэр бүл нь цуст феодалын нийгмийн үед амьдарцгааж байсан бөгөөд нэлээд хурц түүхтэй, хэрэв хэн нэг нь энэ бүлэглэлээс урвасан бол шууд цаазлуулдаг байжээ. Окада жуулчиддаа маш ёсорхуу ханддаг нь түүний Тохоку дүүргээр хийх аяллыг үнэ цэнэтэй, ач холбогдолтой болгож өгдөг. Иватэ муж нь Тохоку газар хөдлөлтийн үед маш их хохирол амссан нутгуудын нэг юм.


Эдвин Рей: Колумбийн өмнөд хэсэгт орших Ciudad Perdida хэмээх алслагдсан хотоор явган аялал хийдэг Edwin Rey хөтөч нь жуулчдаа маш итгэлтэйгээр дагуулан явдаг бөгөөд түүнтэй хамт явсан нэг ч жуулчин хавцал ангалд осолдож байгаагүй юм. Тэрбээр шавар ихтэй замаар явахдаа их зүйл ярьдаггүй бөгөөд маш анхааралтай явдаг. Түүнтэй хамт 4 өдөр аялахад маш их түүх, домог мэдэж авах болно. Түүний аав нь ширэнгэн ой дахь эртний Колумбийг дахин нээсэн анхны Латин Америк хүн байжээ. Тийм учраас аавынхаа үлдээсэн зам мөрийг дагадаг нь аяллын хөтчийн ажилд нь их тус нэмэр болдог ажээ. Ширэнгэн ойг нэвт шувт мэдэхээс гадна газар доогуур хаана нуугдаж болохыг ч андахгүй.

Бэлтгэсэн: Гайд боловсролын төв