“Чингисийн үр сад” Хабаровскийг зорьжээ

 

Монголын циркийн жүжигчид өнгөрсөн сараас ОХУ-ын хотуудаар аялан тоглож байгаа билээ. Тэд Владисвосток дахь тоглолтоо өндөрлүүлж, Хабаровск хотыг зорьжээ. “Чингисийн үр сад ” багийнхан тус хотод өчигдөр хүч тамирын гайхамшиг, шидэх банзнаас үсрэгчид, агаарын нислэг, хос хунгийн дуэт, илбэ, алиалагчийн үзүүлбэрээс бүрдсэн тоглолтоо хийжээ. Энэ удаа Монголын жүжигчид Хабаровскийн циркийн амьтан сургагчидтай хамтран, арслан, пони, ямаатай үзүүлбэр хүргэж байгаа ажээ. “Чингисийн үр сад” цаашид нэг жилийн хугацаанд Красноярск, Кемеров, Омск, Екатеринбург зэрэг есөн хотоор аялах бөгөөд Москва, Санкт-Петербургт үргэлжлүүлэн тоглох саналыг тэдэнд тавьсан байна. Жүжигчдийг ур чадварыг үнэлж Беларсьт урьж байгаа сурагтай гэнэ. Дашрамд дурдахад, ОХУ-ын томоохон циркүүдийн нэг “Рос-Гос-Цирк”, Монголын “Шинэ Цирк” төвтэй хамтран ажиллах гэрээний дагуу тэд ийнхүү аялан тоглож байгаа гэнэ.