Бёркли, Стэнфордын их сургууль дээр Монголын соёл, урлагийн өдөрлөг болно

Америкийн баруун эрэгт Монголын урлаг, соёлын өдөрлөгийг ирэх 2 дугаар сарын 2-6-нд зохиох гэнэ. Америкт төдийгүй дэлхийд алдартай  Бёркли, Стэнфордын их сургууль дээр ээлжлэн зохион явуулах Монголын соёлын өдрүүдийн хүрээнд манай орны түүх, урлаг соёл, шашин, хөгжмийн урлаг, уран зураг сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал болох ажээ. Тус хуралд монгол судлаач, эрдэмтэд сонирхолтой илтгэл тавьж чөлөөт ярилцлага хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Америкийн монголч эрдэмтэд, урлаг судлаачаас гадна Дуурь бүжгийн эрдмийн театрын дарга Б.Сэргэлэн, Монголын урчуудын эвлэлийн хорооны дарга Ц.Энхжин, Дэлхийн яруу найргийн нийгэмлэгийн тэргүүн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат, “Занабазар” төвийн тэргүүн Г.Дамчаабазар нарын төлөөлөгчид оролцон илтгэл тавих гэнэ. Түүнчлэн ардын урлагийн “Бөртэ” хамтлагийн тоглолт, хөгжимчин Н.Сэнгэдоржийн гоцлол тоглолт болох ба хөгжмийн зохиолч Б.Шаравын морин хуурын чуулгад зориулсан тоглолтыг Сиэтл хотноо суугаа морин хуурч Уртнасан Стэнфодын их сургуулийн симфони оркестрын хамт тоглохор болжээ. Мөн орчин цагийн зураач О.Энхтайван, Б.Нандин-Эрдэнэ нарын бүтээлүүдийг дэлгэх юм байна. Монголын соёл урлагийг танилцуулах ажлыг АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Стэнфордын Хөгжмийн тэнхим, Зүүн Азийн хэл, соёлыг судлах тэнхим болон Бёрклийн Зүүн Азийг судлах хүрээлэнгээс санаачлан зохион байгуулж байгаа ажээ.