Reggae

1960-аад онд барууны хөгжмийн ертөнцөд Ямайкийн урлагийн элемент хүч түрэн орж ирснээр регги урсгал бий болсон гэдэг. Тиймээс ч орчин цагийн урлагийн тайлбар тольд “Ямайкаас гаралтай хөгжмийн урсгалыг хэлнэ” хэмээн тодорхойлсон байдаг байна. Энэ урсгалын ая, үгийн өргөлт нь 2 болон 4 дэх бөмбөрийн цохилттой зэрэгцдэгээрээ онцлог бөгөөд харин 3 дахь цохилтын үеэр гитарын аялгуу эгшиглэдэг. Хөгжмийн хэмнэлийн хувьд хурдан ч бөмбөрийн цохилт хип хоп, R&B урсгалуудаас харьцангуй цөөн байдаг ажээ. 1967 онд хэвлэгдсэн ямайка-англи хэлний товч тайлбар тольд “регги” гэх үгийг “Судал, өөдсөөр хийсэн хувцас” хэмээн тайлбарласан байна. Энэ урсгалын анхны дуу болох Банни Ли “Say What You’re Saying” 1967 онд сонсогчдын хүртээл болжээ. Түүнчлэн алдарт “Битлз”-ийнхэн ч энэ урсгалыг сонирхож байсан бөгөөд үүний жишээ нь 1968 онд цацагдсан “Оb-La-Di, Ob-La-Da” нэртэй уран бүтээл юм байна.