Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Соёл урлагийн хороо, Соёлийн өвийн төвөөс саяхан улс, аймгийн музейн сан хөмрөгт хамтарсан судалгаа хийжээ. Шалгалтанд Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Театрын музей, Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын музей, Монгол цэргийн музей, Уран зургийн галерей, Соёлын өвийн төвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан болон аймгийн музейнүүд хамрагдсан байна. Шалгалтаар 2008 оны 7-р сарын 1-ний өдрийн олон нийтийг хамарсан үймээний үеэр гал түймэрт өртсөн ховор бүтээлүүдийн талаар хэлэлцжээ. Тухайлбал, Соёлын төв өргөөнд байрлах Уран зургийн галерей болон театрын музейд хадгалж байсан бүтээлүүдээс 33 нь гэмтэж, 88 нь түлэгдсэн байна. Мөн 76 бүтээл хагас дутуу шатаж, 661-ийг цэвэрлэж сэргээн засварлах шаардлагатай болсон байна. Харин 102 бүтээл бүрэн устжээ. Монголын дүрслэх урлагт томоохон байр суурь эзэлдэг алдартай бүтээлүүд болох Ардын зураач Д.Амгалангийн “Говийн эгшиг” бүтээл сэргээн засварлах боломжгүйгээр шатсан байжээ.