Эртний хүний мөрөөр

Монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан Америкийн судлаач Рой Чепмэн Эндрюс Монгол орноор аялсан тухайгаа “Эртний хүний мөрөөр” номондоо тодорхой өгүүлсэн байдаг. Тэрээр 1922-1923, 1925 онд манай орноор аялан, эртний хүний ул мөрийг хайх явцдаа талын Монголчуудын ёс заншил, аж байдал, газар нутаг, ургамал амьтны талаар багагүй судалгаа хийжээ. Ингэж явахдаа Монголын говийн хэвлийд өлгийдөгдөн үлдсэн үлэг гүрвэлийн ховор олдворуудыг нээж, үүнийхээ тухай өрнийнхөнд анх танилцуулсан юм билээ. Энэ бүхний тухай өгүүлэх “Эртний хүний мөрөөр” номыг Дашдооровын Гэрэлтөв болон Маралгоо нар Монгол хэлнээ орчуулан, Ренчиний Барсболд, академич Д.Бадамгарав нар редакторлан уншигчдын хүртээл болгож гаргасан байна. “Цагаан гэр дээгүүр хөөрөн нисдэг элээ шиг эрх чөлөөтэй Монголчууд Чингис хааны үед дэлхийг донсолгож байжээ” хэмээн Эндрюс аян замын тэмдэглэлдээ бичжээ.