Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Соёл урлагийн хороо, Соёлын өвийн төв хамтран Монгол улсын нийт музейн сан хөмрөгт хийсэн шалгалтын дүнг өнгөрсөн баасан гаригт танилцууллаа. Шалгалтаар 2007-2008 оны улсын тооллогын мөрөөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг давхар хянасан байна.
Өмнөх шалгалтаар улс, аймгийн 27 музейн сан хөмрөгөөс нийт 4951 ширхэг үзмэрийг актлах, 25 музейн цуглуулгын чиглэлд нийцэхгүй давхардсан 18.825 ширхэг үзмэрийг бусад холбогдох байгууллагад шилжүүлэх, музейн сан хөмрөгийн бүтцийг чанаржуулахыг даалгасан байна. Салбарын сайдын тушаалын дагуу Соёлын өвийн төв, Үндэсний музей өнгөрсөн онд “Үзмэр шилжүүлэх, солилцох үзэсгэлэн” зохион байгуулж, нийт 16 музейн 9575 ширхэг үзмэрээс 5419 үзмэрийг бусад музейд шилжүүлсэн байна. Гэвч энэ нь даалгасан үүргийн 10%д ч хүрэхгүй арга хэмжээ болсныг улсын байцаагчид дурдаж байлаа. Шалгалтаар улс аймгийн музейнууд 2007-2008 оны сан хөмрөгийн улсын тооллогоор хулгайд алдсан, солигдсон, дутсан нь тогтоогдсон 3000 гаруй үзмэрийг нөхөн төлүүлэх талаар арга хэмжээ аваагүй, театрын музейн сан хөмрөгөөс дутсан зураач Г.Төмөр-Очирын “Багшийн хөрөг-Л.Гаваа” уран зургийг 2000 онд, холбогдох шийдвэргүйгээр Дорноговь аймгийн музейд шилжүүлсэн болон нэр бүхий долоон музейгээс 10 сүмд ашиглаж байсан нийт 3601 үзмэрээс 404 үзмэр шалгаангүйгээр үрэгдсэн болхыг тогтоожээ. Мөн Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагын музей, Монгол цэргийн музей, Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын музейн 1832 ширхэг үүзмэрийг актлахаас өөр аргагүй гэж үзжээ. Түүнчлэн шалгалтын хэлтсийнхэн музейн бие даасан хуультай болох нь нэн тэргүүний асуудал болохыг хурлын үеэр чухалчилсан юм.