Налгар намар удаан үргэлжилсэн ч цагийн эрхээр өвөл айлчиллаа. Хаврыг санагдуулам дулаан өдрүүд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дуусаж, өнөөдрөөс хүйтний эрч эрс чангархыг Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 28-33, өдөртөө 19-24, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30, өдөртөө 16-21 градус хүрч хүйтрэх аж. Улаанбаатар хотод өнөөдөр 24 градус хүйтэн байх боловч пүрэв гарагаас бага зэрэг дулааран 5-10 градус хүйтэн байх нь.