Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчид үүцээ задлав

Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэг гурван жилийн өмнө байгуулагдсан аж. Нийгэмлэг тусгай гишүүнчлэлгүй бөгөөд уран бүтээлч, худалдан авагчдыг холбон Монголын дүрслэх урлагийн давтагдашгүй бүтээлийг гадны улс оронд алдахгүй байх зорилготой. Мягмар гаригийн орой тус нийгэмлэг гурван жилийн ойн баяраа уран бүтээлч, судлаачидтай хамтран тэмдэглэж, урлаг соёлд элэгтэй олон хүн оролцов. Арга хэмжээг нээж ардын зураач Б.Чогсом, нийгэмлэгийн тэргүүн П.Цэгмид, Монголын уран зургийн галерейн захирал А.Чадраабал нар үг хэллээ. ”1990-ээд оны үед манай уран бүтээлчид голын ногоон сүм буюу  Чойжин ламын сүм музейн үүд сахин, ховор, давтагдашгүй бүтээлээ гадаадын жуулчдад хямд үнээр худалддаг байсан. Харин одоо өөр болжээ. Бидний уран бүтээл эх орондоо үлдэх нь” хэмээн тэд онцолж байв. Энэ баярын үеэр залуу уран бүтээлчдийн уран зураг, керамик болон арьсан урлалын бүтээлийг дэлгэсэн байлаа.