Олон нийтэд биет бус соёлын талаар мэдлэг олгох зорилготой “Амьд улалмжлал, Биет бус соёл” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Эл үзэсгэлэнд “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт” болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалтад бүртгэгдсэн өвийн судалгааны гэрэл зургийг дэлгэжээ. Олон нийтэд үнэ төлбөргүй хүргэж байгаа эл үзэсгэлэн ням гариг хүртэл үргэлжилнэ. Биет бус соёлын өвд ардын аман зохиол, язгуур урлаг, нийгмийн зан үйл, баяр ёслол, байгаль, сав шим, ертөнцийн тухай заншил, гар урлалын зүйлс урлах арга ухаан зэрэг өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн уламжлалууд багтдаг. Үзэсгэлэнг ЮНЕСКО-ийн итгэмжлэлт Байгаль соёлын өвийг хамгаалах сан, Биет бус соёлын өвийг хамгаалах Ази, Номхон далайн бүсийн төв хамтран зохион байгуулж байна.