Монголын Үндэсний музейд Монгол төрийн түүхэн зүтгэлтэн Сэцэн хан Цэрэндондовын Навааннэрэнгийн Хан хэргэм залгамжилсны 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд тулгар төр тогтсоны их баярыг тохиолдуудан Богд хаан Сэцэн хан Ц.Навааннэрэнг шагнасан шар торгон өргөмжлөл, Сэцэн хан аймгийн туг, харуулын тэмдэг, цэргийн хантааз, Ц.Навааннэрэнгийн пийсүү аяга тамганы хайрцаг болон Ц.Навааннэрэнгээс Д.Сүхбаатарт бэлэглэсэн хос авдар зэрэг олон үзмэр тавигджээ. Мөн Халхын Сэцэн хан аймгийн түүхэнд холбогдох Захыг сэргийлэх Сэцэн хан аймгийн цэргийг захирах тэмдэг, Шолойн угийн бичгийн хуулбар, Хан хэнтий уул аймгийн Идэрмэг Баянхан уулын хошуу захирах тамга, Эрдэм мэргэн ноён хутагтын тэмдэг, Монгол тээхийн Хэрлэн дэх өртөө шуудангийн буудлын тэмдэг зэрэг түүхэн эд зүйлийг дэлгэсэн байна. Сэцэн хан Ц.Навааннэрэн ХХ-р зууны Монголын хоёр хувьсгалын үйл хэрэгт идэвхийлэн оролцож тусгаар улсын төрийн эрх барих албанд зүтгэж явжээ. Тэрбээр 1912 оноос Олноо өргөгдсөн Монгол Улсын Ерөнхийлөн захиран шийтгэх яамны зөвлөх сайд, 1915 онд Шүүх таслах хэргийг эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд, 1921-1922 онд Сэцэн хан аймгийн чуулганын дарга, 1922-1925 онуудад Ардын Засгийн газрын Дотоод яамны тэргүүн сайд хожим нь Шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч дарга, БНМАУ- н Бага хурлын гишүүнээр ажиллаж байжээ. Уг үзэсгэлэн энэ сарын 11 хүртэл үргэлжилнэ.