Нидерландын вант улсын Засгийн газраас санхүүжилтээр байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Байгаль орчны шинэчлэл-2” төслийн хүрээнд 2010 онд шалгарч хэрэгжсэн жижиг төслүүдийн үр дүнтэй танилцах нээлттэй өдөрлөг боллоо. Энэ онд нийтдээ 51 төсөл хэрэгжсэн ажээ. Уг ажлын хүрээнд нийт төслийн 90 хувь нь амжилттай хэрэгжсэн гэж дүгнэлээ. Энэхүү төсөл ажлыг 2006 оноос эхлэн хийж байгаа бөгөөд энэ хугацаанд 184 төсөл хэрэгжүүлсэн гэж уг арга хэмжээг удирдан зохион байгуулагчид хэлж байлаа. Иргэд орон нутагтаа тулгараад буй байгаль орчны асуудлыг шийдвэрлэх төсөл боловсруулж, шалгаруулалтад оролцсоноор төсөлд хамрагджээ. Тухайлбал, энэ онд Хил хязгааргүй алхам ТББ нутгийн иргэд, уул уурхайн компаниудтай хэрхэн хамтарч ажиллан, бэлчээрээ хамгаалах тухай төсөл боловсруулсан нь амжилттай хэрэгжжээ.