Ноён хутагтын мэндэлснээс хойшхи 157 дахь өвөл

Өнөөдөр Говийн их ноён хутагт, алдарт соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн төрсөн өдөр. “Ичиг ичиг”, “Үлэмжийн чанар”, “Саран хөхөө” зэрэг суут бүтээлүүдээрээ түмэн олныг ухааруулж, бас баясгасан Хутагт 1803 оны 12 дугаар сарын 7-нд (1 сарын 19-н ч гэж тэмдэглэсэн байдаг.) Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл  суманд ядуу ардын хүү болон төржээ. Нялх балчир байхад нь ээж нь өөд болж, эцгийнхээ хамт айл амьтнаас юм гуйж, баян чинээлэг хүмүүст зарцлагдан амь тэжээдэг байсан гэнэ. Нэгэн өдөр Данзанравжаа аавыхаа хамт баян айлын найранд орж, үүдэнд нь зогсож байлаа. Энэ үед бороо ихээр орж байсан гэдэг. Баян айлын гэрийн хойморт борооны дусал дусахад өрхийн тэргүүн, тарган ноён ихэд хилэгнэн уурлаж, гэрээ тойруулж хараад үүдэнд зогссон ноорхой хувцастай хүүгийн дээр дусаал дусаагүй байхыг харжээ. “Энэ муу нусгай дээр яагаад бороо ганц ч дусаагүй байдаг билээ. Гэрийн хойморт суугаа миний дээрээс ингэтлээ дусдагийн учир юу вэ” гэжээ. Үүний хариуд жаалхүү Равжаа:
Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн  хоймрын ялгаа нь юу байх вэ
Үйл нь ирээд  үхэхийн цагт
Х
өгшин залуугийн ялгаа нь юу ... гэж зургаан настайдаа “Хурмаст тэнгэр” шүлгээ уншиж өгчээ. Данзанравжаа Зүүнбаян, Цагаан суварга, Оюутолгой гэсэн газруудын нэрийг өгсөн түүхтэй. Тухайн үедээ өөр нэртэй байсан эдгээр газруудыг ийн нэрлэсэн нь Оюутолгойгоос Монголыг тэжээх их баялаг гарна гэж мэдэрсэн хэрэг болов уу. Ноён хутагт 1820 онд Хамрын хийдийг анх 17 настайдаа байгуулж байжээ. Харин Шамбалын орныг нас барахаасаа 5 жилийн өмнө буюу 1851 онд байгуулсан гэдэг. Говийн их ноён хутагт 1856 онд бие барсан юм.