Монгол улсын байгалийн баялгийг далайн тээврээр экспортлох суурийг тавьж, ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж, БНСУ-ын Далайн тээврийн бодлогын газрын дарга ЖОН КИ ЖУНГ далайн тээвэр ложистикийн салбарт хамран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Гуравдагч оронруу уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхэд шаардлагатай газрын болон далайн тээврийг холбосон ложистикийн сүлжээ, дэд бүтцийг байгуулах, усан тээврийн загвар төслийг хамтран хэрэгжүүлэх зэрэг асуудлыг уг санамж бичигт тусгажээ. Ингэснээр усан тээврийн техник технологи, мэдээлэл туршлага солилцох замаар хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монголын далайн тээвэр, ложистикийн инженер, далайчдыг БНСУ-д бэлтгэх тэднийг тус улсын далайн тээвэр, хөлөг онгоцны компаниудад ажиллуулах боломж нээгдэж байгаа юм байна.