Зулын 25-ны өдрийн тухай

      “Зулын 25” буюу Богд Зонхов мэндэлж, таалал төгссөний өдрийг хүндэтгэн, шарын шашны хийдүүд ном хурж сүсэгтэн олонд буян үйлдлээ. VI жарны 1357он  алтан унжлага хэмээх гал тахиa жилийн өвлийн эхэн сарын шинийн 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд Богд Зонхов орчлонд мэндэлжээ. Харин VII жарны 1419 он өвлийн эхэн сарын 25-ны үдэш таалал төгсжээ. Үүнээс хойш Богд ламын шашинтнууд эл өдрийг “Зулын 25” хэмээн зул, хүж өргөж, буян ном хураан их Дүйчин өдөр болгожээ. Монголчууд Богд Зоховын мэндэлсэн болоод таалал төгссөн өдрийг тэмдэглэн өнгөрөөдөг түгээмэл уламжлалыг дурдвал энэ өдрөөс өмнө идэш хоолоо базааж, “Зулын 25”-ны үдэш нүгэл хилэнцээ ариусгаж зул барьдаг байна. зарим газар муулсан малыхаа баруун бөөрөөр зул хийж өргөдөг нь нэг талаас амьтны амь хороосон нүглээ арилгаж, нөгөө талаас хорлогдсон амьтны өөхөөр өргөл өргөж байгаа нь тэр амьтны төрөл дээшилхэд тустай гэж үздэгтэй холбоотой. Зулыг ихэчлэн гадаа өргөж, өргөж байхдаа Богд Зонхов ламыг бодно. Зарим хүрээ хийдэд үдшийн гялаан гарангуут гадаа олон зул өргөдөг байв. Мөн айл хотлоороо тос хольж иддэг байжээ. Сүүлийн жилүүдэд Богдийн мэндэлсэн өдрүүдэд цагаан хоол иддэг болжээ.

Төвд, Монгол лам нарын номын хувцас нь шар болох, Гигү малгай, Овоодой малгай, хэлтгий захтай дээл, орхимж, сөөхий гутал өмсөх зэрэг нь Зонховын үеэс эхлэн баримталсан ёс ажээ.