Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2010” энэ сарын 2-4-нд “Мишээл экспо” төвд болох юм байна. Зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа эл үзэсгэлэнд өнгөрсөн онд оролцсон ОХУ, БНХАУ-аас гадна Япон, Англи, Франц, Энэтхэг зэрэг орны бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирэх ажээ. Манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг аялал жуулчлалын салбараас олох орлого жил тутам өсөж, өнгөрсөн онд зөвхөн энэ салбараас 213 сая долларын ашиг хуримтлуулжээ. Энэ оны эцсийн дүн гараагүй ч, дээрх тоо 20-30 хувиар өсөх тооцоо байна хэмээн БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр ярив. Дээр дурьдсан орнуудаас гадна Монголын 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тур оператор, зочид буудал жуулчны бааз гээд нийт 106 байгууллага оролцож, үйл ажиллагаагаа сурталчлах ажээ.
Үзэсгэлэнг зохион байгуулснаар Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг дэлхийд таниулж, түүгээрээ олон орны жуулчдыг татна хэмээн Аялал жуулчлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн үзэсгэлэнгийн ач холбогдлыг онцоллоо.
Дашрамд дурдахад, ирэх онд ХБНГУ- д болох эл үзэсгэлэнд манай улс соёлын түншээр анх оролцох юм байна.