Жил бүрийн энэ үед Монголын уран зургийн галерейн сан хөмрөгийг баяжуулах зорилготой үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн шалгаруулалтад уламжлал ёсоороо уран болон монгол зураг, баримал, уран дархан, сийлбэр зэрэг дүрслэх урлагийн бүх төрлөөр туурвисан 90 уран бүтээлчийн 170 гаруй бүтээлийг Монголын уран зургийн галерейд дэлгэжээ. Мөн гадаад, дотоодод зохиосон “Намар”, “Их Монгол Улс 800” үзэсгэлэн, Азийн урлагийн наадам зэрэг үзэсгэлэнд амжилттай оролцсон, шагналт бүтээлүүд мөн тус танхимыг чимсэн байна. Энэ сарын 5 хүртэл нийтэд үзүүлэх эдгээр бүтээлээс оны шилдэг бүтээлийг шалгаруулан улсын санд оруулах ажээ.