Монголын
орчин үеийн дүрслэх урлагийн тулгын чулууг тавилцсан төрийн соёрхолт, ардын
зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч”, “Үхэр сүрэг” зэрэг бүтээлийг мэдэхгүй хүн
үгүй билээ. Монгол зургийн аргыг өрнийн арга барилтай хослуулан бүтээл
туурвидаг байсан цөөн хэдэн ахмад зураачийн нэг болох Ү.Ядамсүрэнгийн
мэндэлсний 105 жилийн ойд зориулсан үзэсгэлэн өчигдөр нээлтээ.
Уран зургийн
галерейгаас санаачлан зураачийн гэр бүлийнхэнтэй хамтран зохион байгуулж буй “Урлахуй
өв” нэртэй үзэсгэлэнд ардын зураачийн бүтээлүүдээс гадна ардын урлал, цамын
зургийн цуврал цомог болон түүний өмсөж, эдэлж явсан хувцас, хэрэглэл сэлтийг
дэлгэсэн нь үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байв.
Ардын зураач
Ү.Ядамсүрэн 1905 онд хуучнаар Сэцэн хан аймгийн Түмэндэлгэр сумын нутаг,
одоогийн Хэнтий аймгийн Норивлон суманд мэндэсэн агаад бага наснаасаа эхлэн
зурах, урлах үйлд шамдан суралцаж 1930 оноос Хэвлэх үйлдвэр, Судар бичгийн
хүрээлэн зэрэг газар ажиллаж байв. 1939-1942 онд ЗХУ-ын Сируковын нэрэмжит уран
зургийн академид суралцсан бөгөөд 1942 оноос хойш Дүрслэх урлагийн газар,
МУЭХ-нд ажиллаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн байдаг ажээ.