Язгуур угсаагаараа бахархсан наадам

      МҮХАҮТ-д өчигдөр Монголын олон ястан цуглаж, түүх өв, соёлоороо бахархсан “Этник фестиваль” нэртэй арга хэмжээ зохиогджээ. Өвөг дээдсийхээ нандин өвийн үүцээ задалсан энэ өдөр тус танхимд цугларсан хүмүүсийг азтай хэмээн нэрийджээ. Учир нь тэнд баруун монголын алдарт туульч Жилхэр агсны татаж байсан “Икэл” хуур, XIX зууны Мянгад, Торгууд, Өөлд эхнэрүүдийн хэрэглэж байсан хувцас, зүүлт, чимэглэл, 1920 онд баруун хязгаарыг төвхнүүлэх үед хэрэглэж байсан цэргийн тамга зэрэг тэр бүр харах боломжгүй ховор нандин эд зйлийг дэлгэн тавьсан ажээ. Хотжил, даяарчлал, нийгэмшлийн хөлд аажим аажмаар үгүй болж байгаа өв соёлоо хамгаалах, хойч үедээ өвлүүлэх зорилготой уг арга хэмжээний бас нэгэн гол зорилго нь алслагдсан аймаг, сумдын хүн амын ядуурлыг бууруулах, тэдний бизнесийн ухааныг хөгжүүлхэд оршиж байгаа гэнэ.
     МҮХАҮТ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран Монголын үндэстэн ястнуудыг дэмжих зорилгоор “Монгол улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн бүрэн үйлчилгээгээр хангах” төслийг 2009 оноос эхлэн 3 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ төслийн хүрээнд явагдаж байгаа эл арга хэмжээнд манай улсад суугаа гадаадын элчин сайдын яамныхан болон бусад албаны хүмүүс ороцжээ. Анх удаа зохион байгуулсан эл арга хэмжээнд хүрэлцэн ирсэн олон ястнууд танхимыг чимж байлаа. Ялангуяа 13 ястантай Хойд аймгийнхан есөн ястны онцлогийг харуулсан хувцас, хэрэглэл, эд өлгийн зүйлийг авчирч дэлгэсэн байв.