Олонд алдаршсан “Өвгөн хуурч” зургийг Чингис хааны хөрөгтэй зэрэгцүүлэн үзвэл тун төстэй ажээ. “Чингис” хивсэн дээр бас “Спирт бал бурам” компаны “Чингис” архины шилэн дээр дүрсэлсэн их хааны хөрөг “Өвгөн ххурч”-тай адилхан гэдгийг урлаг судлаачид хэлдэг юм билээ. Төрийн шагналт ардын зураач Ү.Ядамсүрэн “Өвгөн хуурч” зурагтаа монгол хүний суу заль, эрдэм ухаан, намба төрх, ёс заншил, түүх соёл гээд олон зүйлийг тусган мөнхөлсөн гэж үздэг. Ингэдээ Чингис хааныхаа дур төрхийг шингээн бүтээсэн байх үндэслэлтэй. Учир нь энэ зургыг Чингис хааныг зурах нь байтугай түүний тухай ярихыг хориглодог үед өөрөөр хэлбэл 1958 онд бүтээсэн ажээ. Харин “Чингис” хивсэн дээр дүрсэлсэн Чигис хааны хөргийг Ү.Ядамсүрэн зураач 1943 онд бүтээсэн байна. Тэгэхээр зураач 15 жилийн өмнө зурсан Чингис хааны хөргөөсөө өвгөн хуурчид шингээсэн байх магадлалтай.
Хэдий тийм ч “Өвгөн хуурч” зургийн эх дүр Гандангын Дашчоймбол хийдэд сууж байсан Цэрэннадмид гэгч лам өвгөн гэнээ. Энэ тухай түүхийн ухааны доктор, адуу судлаач А.Баярмагнайн дурссанаар бол түүний аав Адъятай хамт Цэрэннадмил өвгөн гэрт нь иржээ. Тэрээр Пионерын ордны захирлын гарын үсэгтэй үнэмлэх үзүүлж зураач Ү. Ядамсүрэнгийн хуурч өвгөний дүрийг бүтээхэд эх дүр болж зуруулж байсан тухйгаа ярьж байсан гэнэ. Дашрамд дуулгахад, төрийн шагналт, ардын зураач Ү. Ядамсүрэнгийн мэндэсний 105 жилийн энэ онд тохиох гэж байгаа юм байна. Өнөөдөр нэрт зураачийн ойд зориулсан үзэсгэлэн Уран зургийн галерейд нээлтээ хийх юм байна.