Монголчуудын 97 хувь нь цус ойртжээ

1925 онд Засгийн газар нууц тогтоол гаргаж, монголчуудыг овог хэрэглэх, угийн бичиг хөтлөхийг хоригложээ. Энэ тогтоол архиваас олджээ. Угийн бичиг хөтлөхөө болиод 85 жил өнгөрөхөд монголчууд өвөг эцгээсээ дээш үеэ мэдэхээ байсан бөгөөд гурваас дээш үеэ мэддэг хүн ховор болжээ. Эцгээсээ дээш есөн үеэ мэддэг хүн байлаа ч эхийнхээ талыг мэддэггүй. Бүх хүн аавынхаа эцэг эх, ээжийнхээ эцэг эхийн есөн үеийг, нийт 36 хүний тухай мэдэж байж, цус ойртохоос сэргийлнэ. Угийн бичгийг ингэж хөтлөх ёстой боловч  архивт байгаа хаад ноёдын угийн бичгийг харахад зөвхөн эцгийнхээ эцэг талын есөн үеийг тэмдэглэсэн байдаг байна. Тэр нь цус ойртохоос сэргийлэхэд туслах үүргээ гүйцэтгэж чадахгүй ажээ. Хүн эцэг эхийнхээ генийн 50 хувийг, өвөг эцэг, эмэг эхийнхээ тус бүр 25, элэнц өвөг, элэнц эмгийнхээ 12,5 хувийг гэх мэтээр удамшиж явсаар ес дэх үетэйгээ цусан болон махан төрлийн хамааралгүй, харь элгийн хүн болдог байна. Тиймээс есөн үе дотроо гэрлэхийг цээрлэдэг ажээ. Судалгаагаар одоогийн монголчуудын 97,24 хувь нь дөрөв дэх үе буюу хуланц өвгийнхөө үед цус ойртжээ. Үүнд засаг захиргааны хэт жижиг нэгж нөлөөлсөн гэж үздэг ба иргэд нэг суманд насаа барж, малчид ч сумандаа л нутаг сэлгэдэг болсноос баг, сум, жалга довныхонтойгоо гэрлэсээр ийм эмзэглэмээр байдалд хүрчээ. Нэг багийн 75, сумын 80 хувь нь хоорондоо гэрлэж байгаа юм байна. Монгол орны хувьд хангайгаас говь руугаа урагшлах тусам хоорондоо гэрлэх нь олширч, цус ойртолт улам ихэсч байна. Цус ойртсоны уршгаар элдэв гаж хөгжилтэй хүүхэд төрөх нь олширч, мөн хүн улам өвчлөмтгий, мөс муутай, хар амиа боддог болж, оюун ухаан хомсдож, ген мууддаг ажээ.