Монголын дүрслэх урлагийн хөгжилд авъяас, хөдөлмөрөө зориулан энэ салбарт залуу боловсон хүчин бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулж яваа “Дүрслэх урлагийн дээд сургуулийн” захирал, зураач Л.Бумандорж, түүний гэргий ДУДС-ийн монгол зургийн багш Ц.Нармандах, хүү Н.Амгаланбаатар нарын хамтарсан үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийжээ. Удам залган дүрслэх урлагт хүчин зүтгэж яваа уран бүтээлчид үзэсгэлэнгээ “Гурван ертөнц” гэж нэрлэжээ. Тэднийг зөвхөн Монголд байдаг зүйлсийг уран бүтээлдээ тусгадаг хэмээн нөхөд нь онцолж байжээ. Учир нь зураач Л.Бумандорж нь зөвхөн эх орондоо л байх гэр хорооллыг бүтээлдээ буулгаж, Ц.Нармандах монгол зургийг боловсрогуй болгон хөгжүүлэхэд хүчин зүтгэж байгаа бол тэдний хүү Н.Амгаланбаатар “Их Монгол Улс-Эзэнт гүрэн”, “Монгол угсаатны төрт улсууд” хэмээх 7х18 метрийн, 126кв/м хэмжээтэй шилэн ингэмэл зургийг төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт бүтээн байрлуулсан ажээ. Пүрэв гариг хүртэл үргэлжлэх энэ үзэсгэлэнд тэд өөрсдийн сүүлийн үеийн уран бүтээлийн ололт амжилтыг харуулсан уран зураг, монгол зураг, уран бичлэг зэрэг 100 гаруй бүтээлээ дэлгэж байгаа гэнэ.