Гахайн мах

1990 оноос өмнө төрийн бодлогоор манай улсад цөөн тооны аж ахуйд гахайн тоо толгой 200,000 орчим хүрч байсан бол сүүлийн 20 жилд гахайн тоо эрс багасч, 2009 оны статистикийн мэдээгээр 25,808 гахай тоологджээ. Гаалийн ерөнхий газрын мэдээгээр гахайн махны импорт 2009 онд 1303.6 тонн байсан бол тухайн онд дотооддоо үйлдвэрлэсэн гахайн махны импорт хэмжээ статистикийн мэдээгээр 200 тонн байсан байна. Энэхүү үзүүлэлтээр бол дотоодын гахайн махны үйлдвэрлэлийг 6.5 дахин нэмэгдүүлж байж дотоодын хэрэгцээг бүрэн хангах ажээ. 2009 оны байдлаар судалгаанд оролцсон 610 өрхийн 90 шахам хувь нь дотоодын гахайн мах хэрэглэх сонирхолтой байгаа ажээ. Гэвч хэрэглэгчдийн гахайн махны уламжлалт хэрэглээ болон гахайн махаар хоол хийх мэдлэг бага байдаг бөгөөд  нийт судалгаанд оролцсон өрхийн 35.2% нь гахайн мах хэрэглэдэг гэжээ. Монголчууд малын мах хэрэглэдэг уламжлалтай ба малын мах гахайн махнаас хямд байгаа нь хэрэглээг хязгаарлах нэг нөхцөл болдог байна. Манай оронд үйл ажиллагаа явуулж буй мах боловсруулах үйлдвэрүүд гахайн утсан мах, хиам, зайдас, дайвар бүтээгдэхүүн боловсруулан гаргаж байгаа ажээ. Нийслэлчүүд жилд дунджаар 800 гаруй тонн хиам, зайдас, 600 тонн гахайн утсан мах хэрэглэдэг байна. Өнөөдөр нэг кг гахайн махны жижиглэнгийн үнэ дунджаар 4500-8000 төгрөг байна. Судалгаанд хамрагдсан 90 орчим рестораны хоолны цэсэнд 1-10 төрлийн гахайн махан хоол байжээ. Ийнхүү гахайн махны хоолны нэр төрөл цөөн байгаа нь тогооч нарын ур чадвараас гадна фермерүүд хоолонд тохирсон мах нийлүүлдэггүй, гахайн махны үнэ өндөр байдаг зэрэгтэй холбоотой гэнэ.