НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1997 оны шийдвэрээр жил бүрийн 06 сарын 17-ны өдрийг "Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр" болгон тэмдэглэдэг.
Дээрхи асуудлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төсөл, НҮБХХ-ийн Цөлжилтийг бууруулах газрын тогтвортой менежмент төсөл болон бусад холбогдох байгууллагууд хамтран "Хөрсөө тордож, амьдралаа тэтгэе" уриан дор доорхи арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
Өнөөгийн Монгол орны газар нутгийн 71,2% нь цөлжсөн, 45% нь цөлөрхөг газар байдаг, 65,1% нь эрсдэл ихтэй газар байдаг, нийт газар нутгийн 90% нь цөлжилтөнд өртөх магадлал ихтэй, хуурай, хагас хуурай бүсэд оршиж байгаа. Цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг нутгууд ихэвчлэн хамрагдаж байна. Говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртөөд байгаа ажээ.
Тиймээс 2007 онд Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу Швейцарийн хөгжлийн агентлаг нь Цөлжилтийг сааруулах төслийг /ЦСТ/ хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь МУ цөлжилттэй үр бүтээлтэй, идэвхтэй тэмцэх чадавхийг дэмжиж, тус улсын гандуу хуурай нутгийн ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн үндэсний болон олон улсын үйл ажиллагааг нь сайжруулахад дэмжлэх үзүүлэх явдал гэнэ.