Эрхий дарам зайд мянган заан зурсан зураачийн тухай домог мэт түүхийг сонсоогүй хүн үгүй бизээ. Уг түүхийн эзэн Цагаан Жамба 8-р Богд Жавзундамбын захиалгаар уран бүтээлээ туурвидаг байсан бөгөөд түүнийг нэн эртнээс улбаатай монгол зургийн арга барилыг шинэчилсэн хэмээн урлаг судлаачид үздэг байна. Түүгээр зогсохгүй Манжийн дарлалд байсан ард олон, тухайн нийгмийн байдлыг урлагаар дамжуулан илэрхийлдэг байжээ. Цагаан Жамба зураачийн домог үлгэрийн сэдэвтэй зургуудад хоосон жаргалыг магтах бус ард олны аз жаргал, эрх чөлөө, эв нэгдлийг эрхэмлэсэн өнгө аяс харагддаг ба тэрээр энэ санаагаа амьтад болон байгалиар дамжуулан илэрхийлдэг байсан байна. Түний бүтээлийн хамгийн онцгой шинж бол дүрсэлсэн амьтдынх нь нүд бөгөөд цаасан дээр буусан хэдий ч нүд нь яг л амьд мэт, ямар нэгэн зүйлийг хүүрнэх бодит мэдрэмж төрүүлж чаддаг байна. Зарим урлаг судлаач Цагаан Жамбын нарийн арга техник, ур ухаан, ёгт утга санааг илэрхийлсэн дүрслэл, давтагдашгүй чанар нь монгол зургийн онцгой нэгэн үзэгдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Бүтээхүйн ид оргил үедээ Цагаан Жамба “Сансрын хүрд” хэмээх зургаа зурсан нь ард олны талархлыг хүлээсэн ч ноёд түшмэд, лам нар ихэд дургүйцсэн гэдэг. Учир нь, тэрээр уг зурагтаа муу үйл хийснээсээ болж тамд унаж байгаа дүрүүддээ ард иргэдээ дарлан мөлждөг ноёд түшмэдийг танигдахуйц дүрсэлсэн ажээ. Энэ зураг нь хожим түүний ертөнцийг харах мэлмийнээс нь хагацаах шалтгаан болсон байна. Цагаан Жамбад өширхсөн ноёд түшмэд түүнийг харгис хатуугаараа алдартай Дамбийжаагийн зураач болгожээ. Дамбийжаа Богд хаанд ч байхгүй сайн зураачтай хэмээн сайрхдаг байсан ажээ. Гэвч Дамбийжаа Цагаан Жамбын хосгүй авьяас билэгт атаархан, өөр хүнд зөвшөөрөлгүй зураг зурж өглөө хэмээн буруутган нүдийг нь сохолсон байна. Өдгөө түүний гайхамшигт уран бүтээл Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаа ажээ.