Монголын наадам, хөөмий ЮНЕСКО-д албан ёсоор бүртгэгджээ

ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газрын хоорондын 5 дугаар хуралдаан Кени улсын Найроби хотод болжээ. Энэ удаагийн хуралдаанаар 32 улсын 54 өвийг бүртгэх асуудлыг хэлэлцжээ. Уг хуралдаанаар Монгол улсаас нэр дэвшүүлсэн гурван өв болох “Монгол үндэстний баяр-наадам”, “Монгол үндэстний хөөмий урлаг”, мөн Ази, Европ, Арабын 12 улстай хамтарсан “Бүргэдийн ан буюу Шувуучлахуй” гэсэн өвүүдийг хэлэлцэн санал нэгтэйгээр бүртгэсэн байна. БНХАУ энэ удаагийн хуралдаанаар манай улстай холбоотой соёлын аливаа өвийг нэр дэвшүүлээгүй бөгөөд энэ нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр энэ оны эхээр БНХАУ-ын Соёлын сайд Цай Вутай уулзалт, хэлэлцээр хийх үеэр хоёр улсын Соёлын биет бус өвд харилцан хүндэтгэлтэйгээр хандах тохиролцоо хийсны үр дүн ажээ.