Кени улсын нийслэл Найроби хотод соёлын биет бус өвийг хамгаалах, Соёл хоорондын найрсаг харилцаа тогтооход иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын хувь нэмрийн талаар олон улсын хэлэлцүүлэг болсон байна. ЮНЕСКО-гоос магадлан итгэмжлэл хүртсэн төрийн бус байгууллагуудын 100 гаруй төлөөлөгч, судлаач нар тус хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд манай улсаас доктор Н.Уртнасан оролцжээ. Тэрээр соёлын өвийн мэргэжилтэн, Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлийн зөвлөх хорооны гишүүн, Монголын үндэсний хорооны дарга, ЮНЕСКО-гийн итгэмжлэлт Байгаль соёлын өвийг хамгаалах сангийн ерөнхийлөгч юм. Энэхүү хэлэлцүүлэг нь соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 5 дугаар чуулга уулзалтыг угтан зохион байгуулагдсанаараа онцлогтой юм байна. Чуулга уулзалтаар хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтын 2010 оны бүртгэлд дэлхийн өнцөг булан бүрээс нэр дэвшүүлсэн 46 өвийг авч хэлэлцэж, бүртгэх эсэх шийдвэр гаргах юм. Энэ удаад, Монгол Улс Монголын уламжлалт хөөмийн урлаг, Монголын уламжлалт баяр наадам, бүргэдчдийн баяр гэсэн гурван өвийг авч хэлэлцүүлэх ажээ.