Ургамлууд мөөгөнд нууцаа шивнэдэг

 

Төрөл бүрийн ургамлууд бие биедээ мэдээлэл түгээхдээ зарим зүйлийн мөөгийг ашигладаг ажээ. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн хувьд мөөг интернетийн үүрэг гүйцэтгэдэг юм байна. Гэхдээ онцгой аюул тулгарсан үед, ямар нэгэн нянгийн тухай ургамлууд мөөгөнд ийнхүү “шивнэдэг” гэж Хятадын эрдэмтэд мэдээлжээ. Ургамлууд эхүүн үнэр ялгаруулан агаараар түгшүүрийн дохио дамжуулдгийг үүний өмнө олон улсын судлаачид нээсэн бол энэ удаа амьд биетээр дамжуулан бие биетэйгээ ярилцдагийг илрүүлсэн нь том ололт юм байна. Ер нь ихэнх ургамал, модны үнэнч анд нь мөөг байдгийг эрдэмтэд эрт мэджээ. Үүний илрэл нь мөөгний их бие дэх нарийхан судлууд юм. Өөрөөр хэлбэл, мөөг ургамлуудтай хүйн холбоотой байдгийг тэдгээр судал харуулдаг. Байгалийн амьд “интернет” хөрсний уснаас өөртөө их хэмжээний эрдэс бодис хуримтлуулж, үүнийхээ хагасыг үндсээрээ дамжуулан ургамлуудад хүртээдэг. Харин оронд нь нүүрс ус, төрөл бүрийн хүчил, фито даавар авдаг гэнэ. Энэ солилцооны дүнд ургамлууд хоорондоо харилцдаг юм байна. Өөрсдийн нээлтээ батлахын тулд Хятадын эрдэмтэд улаан лоолийн хамт хэд хэдэн төрлийн ногоог мөөгний хүрээнд суулган нэг хэсгийг нь ургамлын нянгаар өвчлүүлэн туршсан байна.