Балетийн түүх 15-р зуунаас эхтэй бөгөөд 17-р зуунд Францын Наран хаан хэмээн алдаршсан XIV Людовик хааны үед бие даасан урлагийн төрөл болжээ. Нэгдсэн сэдэв, үйл явдал бүхий анхны бүжгэн жүжгийг Францад 16-р зууны хоёрдугаар хагаст тавьсан бол энэ төрлийн мэргэжлийн бүжигчид 18-р зуунаас л бэлтгэгджээ. Энэ үед балетмейстер П.Бошан сонгодог бүжгийн үндэс болсон таван зогсолтын техникийг боловсруулсан байна. 19-р зуун буюу романтик балетийн үед бүжигчид нэгэн зэрэг тэгш хэм үүсгэж гоцлоочоо тодруулан бүжиглэдэг болжээ. Балетийн энэ чанарыг агуулсан бүжгэн жүжиг бол А.Аданы “Жизель” юм. Үүнээс хойш романтик балетийн хэлбэр, өгүүлэмж, тавилтыг “Жизель”-тэй харьцуулдаг жишиг тогтсон байна. Дэлхийн балетийн урлагийн хөгжилд Оросын мэргэжилтнүүдийн оруулсан хувь нэмрийг онцгой хэмээн дүгнэдэг. П.И.Чайковскийн “Хунт нуур”, “Щелкунчик”, “Нойрссон гүнж” гэсэн гурван бүтээл нь дэлхийн балетийн гурван ноён оргил юм.
Балет хэрхэн бүтдэг вэ. Сэдэв, үйл явдал нь либретто гэж нэршсэн зохиолд буусны дараа хөгжмийн зохиолч бүтээлийн агуулга, утга санааг илэрхийлсэн хөгжим бичнэ. Тэгээд бүжиг, жүжиглэлт тавигдсанаар тайз засал, хувцас хэрэглэлийг бүрдүүлнэ. Балет нь зохиолч, хөгжмийн зохиолч, балетмейстер, зураач, бүжигчдийн хамтын бүтээл юм. Баатарлаг, уянгын, инээдмийн зэрэг олон төрлийн балет байдаг. Балетмейстерийн бүтээсэн бүжгийг амилуулагчдыг балерина буюу голлон бүжиглэгч, манлайлан бүжиглэгч /корифей/, нийтээр бүжиглэгч /кардебалет/ гэж ангилдаг.