Хөх толбот монголчуудын түүхийг өгүүлэх “Монголын нууц товчоо” их хөлгөн судар бичигдсэний 770 жилийн ой тохиож байгаа билээ. Түүхт ойн хүрээнд Үндэсний түүхийн музей, ШУА-аас олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн зохион байгуулж, илтгэлийн уралдаан, ерөнхий болон дээд боловсролын сургалтын хөтөлбөрт “Монголын нууц товчоо”-г оруулах зэрэг ажил зохион байгуулж байна. МУИС, ШУТИС, МУБИС-ийн хурлын танхимд “Монголын нууц товчоо”-ны судлал, шүүмжлэлийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр эхэлжээ. Уг хуралд “Их судар” судлалаар дагнасан Монголын 30, гадаадын 8 эрдэмтэн илтгэл тавьсан байна.