Дуурь

XVI-XVII зууны заагт эртний Грекийн эмгэнэлт жүжгийг сэргээн тоглох гэсэн оролдлогоос Италид дуурийн урлаг анх үүссэн түүхтэй. Хамгийн анхны дуурь болох “Дафна”-г 1597 онд Италийн хөгжмийн зохиолч Жакоп Пери бичжээ. Язгууртнуудын цэнгэл гэгддэг дуурийн урлагт зориулсан анхны театр 1637 онд Венец хотноо нээгджээ. Мөн Германд Генрих Шютц /”Дафна” 1627/, Францад Камбер /”La pastorale” 1647/, Англид Пёрселл нар дуурийн анхны бүтээлээ бичсэн түүхтэй. Дуурь нь хөгжлийнхөө явцад улс үндэстний түүхэн хөгжил, нийгэм цаг үеэс хамааран опера-сериа, опера-буффа, зингшпиль, тонадиль, сарсуэл, мелодрам гэх мэт төрлийг бий болгожээ. Монголчууд Өрнийн сонгодог урлагт ЗХУ-ын мэргэжилтнүүдээр “хөтлүүлэн” хөл тавьсан. 1930-аад оноос Улсын төв театрт “Шарай голын гурван хаан”, “Амарсанаа”, “Хатанбаатар Магсаржав” дуулалт жүжиг тоглосноор Монголын хөгжмийн ертөнцийг нэг алхмаар урагшлуулсан юм. Ингээд 1942 онд Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” үндэсний дуурь тайзнаа анх тавигдан, өдгөө хүртэл ДБЭТ-ын тайзнаа тоглогдсоор байна. Улмаар МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1963 оны 5-р сарын 10-ний өдрийн 132-182 тоот тогтоолоор Улсын хөгжимт драмын театрыг 1963 оны 5-р сарын 15-наас эхлэн Улсын драмын театр, Улсын дуурь бүжгийн театр болгон өөрчилж, бие даасан хоёр театр байгуулсан. Ийнхүү Монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдаж 1963 оны 5-р сарын 18-нд П.И. Чайковскийн “Евгений Онегин” алдарт дууриар нээлтээ хийж байсан байна. Улсын дуурь бүжгийн театр байгуулагдсан цагаасаа үндэсний дуурь, балетийг шинээр бүтээх, гадны сонгодог дуурь, балетаас сонголт хийж, өөрийн тайзнаа дэглэн тавих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ.