Ойрад түмний биет болон биет бус өвийг олон нийтэд сурталчлах өдрүүд энэ сарын 11-13-нд болох гэж байна. ”Их хөгсүү” холбооноос санаачлан зохион байгуулах ойрад түмний урлаг, соёлын “Их хөгсүү” анхдугаар их наадамд баруун аймгууд болон Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн ардын авъяастнууд, ОХУ-ын Тува, Халимаг улс, Уулын Алтайн хязгаар, БНХАУ-ын Шинжаан Уйгар, Дээд Монгол, Ордос, Өвөрмонголын Алшаа, Эзний хошууны ойрадууд оролцох юм байна. Уг наадам бол зөвхөн урлагийн арга хэмжээ биш юм. Тухайлбал, энэ сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд ойрад түмний үндэсний хувцасны баяр, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд тавилга, эд зүйлсийн үзэсгэлэн, Улсын Филармонийн зааланд эрдэм шинжилгээний бага хурал, Монгол бөхийн өргөөнд ардын авъяастнуудын нэгдсэн тоглолт тус тус болно. Монгол улсад ойролцоогоор 150 мянган ойрад амьдардаг бөгөөд Орос, Хятад, Франц, Герман, Америк улсад ч ойрадууд амьдардаг гэсэн баримт бий билээ. Энэ удаагийн наадамд ойрад угсаатны 13 ястны 400 шахам туульч, магтаалч, хөөмэйч, ихэлч, бий биелгээч, цоорч, бөлбөөч, урт болон магтаар дуучид оролцоно.