“Улаан ном”-д орох нь халаг болоод байгаа хос бөхт тэмээгээ аврахаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, ”Монгол бактриан” нийгэмлэг хамтран “Их говийн экологи ба монгол тэмээ” сэдвээр олон улсын симпозиум зохион байгууллаа.
Уг симпозиумд БНХАУ, ОХУ, БНЧУ-ын төлөөлөгчид, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Увс зэрэг тэмээ олонтой аймгийн ерөнхий мал зүйч, малчид, тэмээний ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрүүд , төрийн бус байгууллагын нийт 100 гаруй төлөөлөл оролцов.
Дэлхийд 23 сая тэмээ байдгийн 2.8 хувийг хос бөхт тэмээ эзэлдэг. Үүний 40 гаруй хувь нь Монголд бий. ХХААХҮЯ “ Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” ,”Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Тэмээ” дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Манай улс 1954 онд хамгийн олон буюу 895.3 мянган тэмээ тоолуулж байсан бол 2002 онд хамгийн бага буюу 253 мянган тэмээтэй болсон аж. Түүнээс хойш тэмээ харьцангуй тогтвортой өсөж байна.Тухайлвал, өнгөрсөн оны эцэст 277.1 мянган тэмээ тоологдсоноос Өмнөговь 85.7 мянга, Баянхонгор 29.7 мянга, Говь-Алтай 26.9 мянга, Дорноговь 26.1 мянга, Дундговь 20.7мянга , сумдаас Өмнөговийн Ханбогд 16.4 мянга, Мандал-Овоо 13.3 мянга, Баянхонгорын Баянлиг 12.4 мянган тэмээ тус тус тоолуулжээ.Аль ч малын өсөх үгүйг сүргийн бүтэц харуулдаг. Тэмээн сүргийн 38.5 хувь нь төл, өсвөр насны, 27.9 хувь нь бэлтгэлийн насны , 32.4 хувь нь хээлтэгч, 1.3 хувь нь хээлтүүлэгч байна. Сүрэгт эзлэх хээлтэгч, хээлтүүлэгч цөөн байгаагаас тэмээ өсөхгүй байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Өнгөрсөн өвөл, хавар улсын хэмжээнд 12.8 мянган тэмээ хорогдсоны 92.4 хувь нь Өмнөговь, Говь-Алтай, Увс, Ховд, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймагт ногдож байна.
Тэмээний үндсэн нутагт цөлжилт хурдацтай явагдаж, үндсэн хүнс нь болох бор, улаан бударгана, баглуур, шаваг хомсдож зарим газар нутагт бүр ургахаа ч больжээ. Симпозиумын үеэр хос бөхт монгол тэмээний тоо толгойг өсгөх, генефондыг хамгаалах, үүлдэр угсааг сайжруулах, түүнээс гарах сүү цагаан идээ, ноос зэрэг ашиг шимийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал спортын чиглэлээр ашиглахтай холбоотой шинжлэх ухаанч олон сайхан илтгэл тавьжээ. Төлөөлөгчид тэмээ өсгөвөл урамшуулах, ялангуяа бойжуулсан ботго тормонд урамшуулал өгөх, говийнхонд бүсийн нэмэгдэл өгөх, бэлчээрийг усжуулах, томоохон уурхай ажиллаж байгаа газруудад бэлчээрийг нөхөн сэргээх талаар санал, хүсэлт гаргажээ.
Уг симпозиумаас Монголд дэлхийн хос бөхт тэмээ үржүүлдэг орнуудын төлөөлөл оролцсон олон улсын төвийг байгуулах, симпозиумыг хоёр жил тутамд зохион байгуулж, хос бөхт тэмээний талаарх шинжилгээ, судалгааны үр дүнг харилцан мэдээлэх, биологи, экологи, удмын санг хамгаалах чиглэлээр мэргэшсэн судлаачдыг олон улсын түвшинд хамтран бэлтгэх, уул уурхайгаас олж байгаа ашгийн тодорхой хэсгийг тухайн бүс нутгийн бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээх, усжуулах болон тэмээ өсгөх, чанарыг нь дээшлүүлэхэд зориулах зэрэг 12 зүйл бүхий зөвлөмж гаргажээ.