Дорнод аймгийн Чойбалсан хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий хот хүртэл нийт 2750 км зөвхөн ганцаараа явган аялах хүмүүнлэгийн “Монгол 2010 Экпедиц” /MONGOLIA 2010 EXPEDITION/ аяллыг 2010 оны 5-р сарын 24-ний өдрөөс эхлэн 90 хоногийн хугацаатайгаар зохион байгуулж байгаа юм.
“Монгол 2010 Экпедиц” нь Монголын
өргөн уудам нутгийн хамгийн зүүн цэгээс хамгийн баруун цэг хүртэлх
газар нутгийг ганц хүний бүрэлдэхүүнтэйгээр, хэн нэгний тусламж,
дэмжлэггүйгээр явганаар туулах хамгийн анхны түүхэн аялал болж байна.
Энэ аялал нь хүрээлэн буй орчны
зүгээс тулгарах элдэв хүндрэл бэрхшээлийг даван туулж, залуу насны урам
зориг, эрч хүчээрээ өөрийн чадлаас хэтэрсэн үйл хэрэг бүтээж
мөрөөдөлдөө хүрснээр хүний хүчин чадлаар бахархах сэтгэл төрүүлэх
зорилготой юм. Тийм ч учраас “Монгол 2010 Экпедиц”-ийг хүний хийж болох
гайхамшигт аяллуудын нэг гэж үзэн ач холбогдол өгч байгаа болно.
Дорнод Монголын уудам талаас Их
говь, Алтайн уулсыг хөндлөн гулд туулан Монголын баруун хязгаарт хүрэн,
нийт 1700 мил буюу 2750 км зам хамрах энэхүү урт аяллын турш аялагч
маань зориулалтын дугуйт тэргэн дээр 200 гаруй кг ачаа ачин явна. Энэ
аяллаа ноён Риплей Давенпорт 90 буюу түүнээс бага
өдрийн дотор туулахаар төлөвлөж байгаа юм.
Риплей Давенпорт Монголд хийх энэ
аялалдаа гурван жил гаруй хугацаанд бэлтгэж, олон спонсор
байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон байна. Үүний дотор
аяллынхаа турш баримтат кино зураг авалт хийж, уг кино
нь DISCOVERY CHANNEL сувгаар 2011 онд цуврал болон гарахаар
төлөвлөгдсөн нь олны сонирхлыг татаж байгаа. Бүр таатай мэдээлэл гэвэл,
түүний энэ аялал амжилттай болбол аяллын төгсгөлд DISCOVERY
CHANNEL сувгийнхан биечлэн хүрэлцэн ирж, кино бүтээх юм.
Түүнчлэн, аяллын тухай ном бичигдэнэ. Иймд уг аялал дэлхий даяар
сурталчлагдан, манай орныг дэлхийн хүмүүст бодит төрхөөр нь таниулах
завшаан болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой. Үүнээс гадна аяллын
хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт суралцаж буй ерөнхий боловсролын
сургуулийн хүүхдүүд газар зүйн хичээл дээрээ Риплей Давенпорттой шууд
харилцан Монголын газар орны тухай туршлага судлах юм.
Монгол орныг дэлхийд сурталчлан
таниулахад хувь нэмэр болох үүднээс энэ аялалд Монголын хэд хэдэн
компани спонсороор оролцож байна. “Изинис эйрвейз”, “Говь”, “Визит
Монгол” зэрэг компани, “Роял хаус” зочид буудал зэргийг энд онцгойлон
нэрлэж болох юм. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Стокгольм хот
дахь Монгол Улсын Элчин сайдын яам зэрэг төрийн байгууллага олон
талаар дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Хувь хүмүүс ч энэ аялалд хувь
нэмрээ оруулан сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгааг дурьдахгүй өнгөрч
болохгүй.